Монгол Улс Францтай хамтарч “Чингис сат“ хиймэл дагуул бүтээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Франц Улсад айлчилж буй. Тэгвэл энэ үеэр манай улс үндэсний хиймэл дагуул бүтээж, хөөргөх асуудлыг хэлэлцлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Францын Талес Алейна Спейс компанийн гүйцэтгэх захирал, ноён Херве Деррей нар хиймэл дагуул үйлдвэрлэж, ашиглах гэрээ боловсруулж, бэлтгэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Талес Алейна Спэйс” компанид 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж Монголд хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх ажээ.

“Чингис сат” нь мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбар, үнэ цэн, өртөг ашиг нэмсэн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих аж. Манай улсын хувьд бусдаас арилжааны хиймэл дагуул түрээслэхэд жилд 12 орчим сая ам.доллар төлдөг билээ.

Тэгвэл энэ удаагийн санамж бичгийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Энэ төсөл бол Монгол Улсын цахим хөгжил, дотоодын сансрын эдийн засгийг хөгжүүлэх шинэ үеийн алхам юм. Нүүдэллэж амьдардаг монголчуудын хувьд орон зайн саадгүйгээр найдвартай холбоотой байх, интернэтэд нэвтрэх, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах өргөн боломж нээгдэнэ. Энэ төслийн цаана иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах зэрэг өндөр ач холбогдол бий. Бид “Талес Алейна Спейс”-ийн туршлага, чадавхтай түншилж, хамтарч байгаадаа баяртай байна" хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ