Д.Есөн-Эрдэнэ: Тариалангийн бүсэд шатахуун тасалдаагүй
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.
Улаанбаатар хот шатахууны хомсдолд орж, нийслэлийн шатахуун түгээх станцуудад А92 бензин дуусаад байна. Энэхүү нөхцөл байдал ургац хураалтад нөлөөлж байна уу?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ургац хураалтыг тасалдуулахгүйн тулд тариалангийн бүсэд шатахууны нөөц бүрдүүлж ажиллаж байна. Одоогийн байдлаар тариалангийн бүсэд шатахуун тасалдсан зүйл огт болоогүй. Ургац хураалт хэвийн үргэлжилж байна.
Энэ жилийн ургац хураалтын явц одоогийн байдлаар ямар байна. Хэдий үед дуусах вэ?
Үр тариа хураалт 30 гаруй хувьтай, төмс 70, хүнсний ногоо 70, тэжээлийн таримал 30 орчим хувьтай явагдаж байна. Ургац хураалт нь цаг агаар тогтуун байвал энэ сарын сүүлээр дуусна. Ерөнхийдөө эрчимтэй 10 хоног хураахад хэмжээ нь нэлээд дөхөх байх. Нэг үеэ бодвол одоо чинь техникийн хүчин чадал сайжирсан.
Есдүгээр сард нийт нутгаар орсон борооны улмаас ургац хураалт хойшлох, үтрэм дээр нойтон тариа буух, ургац хураалтын зардлууд нэмэгдэх зэрэг нөхцөл байдал үүссэн гэсэн. Ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
Есдүгээр сарын дундуур ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороо орсон нь ургац хураалтын ажлыг саатахад онцгой нөлөө үзүүлсэн. Шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авч ажилласан. Тодруулбал, бороо орсны улмаас хатаалга хийх зайлшгүй шаардлага үүсэж Хөдөө аж ахуйн корпорацын харьяа дөрвөн салбар дээр байгаа хатаалгын төхөөрөмжөөр нойтон улаанбуудайг хатааж өгсөн. Одоо бол ямар нэгэн асуудал үүсээгүй ургац хураалт хэвийн явагдаж байна.
Саяхан тариаланчдын зүгээс ургац хураалтад ажиллаж байгаа оюутан залуус, цэргүүдийн ажиллах хугацааг нь сунгаж өгөх хүсэлт гаргасан. Оюутан залуус, цэргүүдийн ажиллах хугацааг сунгасан уу.
Энэ жилийн хураалтад оюутнууд нэлээд идэвхтэй оролцсон. Ойролцоогоор 3300 оюутан ургац хураалтад гар бие оролцсон. Бидний зүгээс холбогдох газартай ярилцаж цөөхөн залуусын ажиллах хугацааг сунгасан.
Улаанбуудайг худалдан авах ажил эхэлсэн. Энэ жил хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа вэ?
Хөдөө аж ахуйн корпорац төрийн өмчит компанийн хувьд улаанбуудайг ангиллаас нь хамаарч 920 мянгаас нэг сая 100 мянган төгрөгийн хооронд худалдан авч байна. Гурлийн үйлдвэр тариаланчид хоорондоо үнэ тохиролцоод худалдаалдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ