"Эрдэнэс Тавантолгой" ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин нэмэгдүүлжээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн ирц 52.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан билээ.
Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлт гаргах, өр төлбөрийг бууруулах, мэдээллийн ил, тод байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, том төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлснийг онцлов.
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тодруулбал, онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлсэн гэж байлаа.
УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь биржийн арилжааг тогтмол зохион байгуулж, нүүрсээ өрсөлдөөнд оруулан үнэ хүргэн зарах үйл ажиллагааг хэвшүүлсэн. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэдний тав тухтай амрах, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсийг ажлын үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлж, уурхайчдын ая тухтай амрах “Эрдэнэс” хотхоныг ашиглалтад оруулав гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.
Үргэлжлүүлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус компани дангаараа экспортод гаргасныг дурдсан.
Монгол Улсын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14.3 их наяд төгрөгийн татварын орлого бүрдсэний “Эрдэнэс-Тавантолгой” ХК 12.4 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлсөн. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан нүүрсийг хил нөхцөлөөр биржээр борлуулдаг болсон. Энэ оны 02 дугаар сараас биржээр борлуулсан нүүрсээ Ганц мод боомт хүртэлх тээврийг тус компани хариуцаж, хүргэх ажлыг зохион байгуулав. Мөн төрийн нууцын зэрэглэлтэй гэрээг бүгдийг нь ил болгосон. Том худалдан авагч компаниудаас урьдчилж авсан өр, төлбөр нийтдээ 606 сая ам.доллар байсныг бүрэн төлж, барагдуулсан гэж байлаа.
Түүнчлэн санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийг хэмнэж ажилласан, ЭТТ бондын I,II транчыг амжилттай төлж дуусгасныг онцлохын зэрэгцээ онцгой дэглэмийн хугацаанд нийтдээ 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн гэж байлаа.
Танилцуулгад,“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ онд МХБ-ээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж шаардлага хангасан компани бүрд ижил тэгш зарчмаар, нээлттэй, ил тод байдлаар олгож байна гэж дурджээ.
Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн. Төсвийг хэмнэх, өр бууруулах, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр “ЭТТ БОНД”-ын I, II транчын 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь өөрсдийн орлогоор амжилттай төлж барагдуулсан. Түүнчлэн компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг өөрсдийн борлуулалтын орлогоор санхүүжүүлж, гадны эх үүсвэрээр өр төлбөрийг огт нэмэгдүүлээгүйг танилцуулгад дурдсан байв.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Батжаргал, Т.Аубакир, С.Ганбаатар, Н.Наранбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд хэлсэн үгэндээ, онцгой дэглэмийн үед компанийн үндсэн үйл ажиллагаа, нүүрсний борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжирч, том худалдан авагчдаас авсан урьдчилгаа өр, төлбөрийг барагдуулж, татварын орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн хуримтлагдсан өр, төлбөрийг багасгаж, төсвийн сахилга бат дээшилж, нааштай үр дүнгүүд эхнээсээ гарч буйг онцлон тэмдэглэв. Мөн Улс Их Хурлын гишүүн Г.Дамдинням цаашид нэг талд давуу байдал олгосон оффтейк гэрээг сайжруулах, компанийн үр өгөөж, ашиг орлогын төлөө шаргуу ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Цогтцэций сумын орон нутгийн хөгжилд анхаарч, тус компанийн ирэх оны төсөв, хөрөнгө оруулалтад тодорхой зардлыг суулгах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал компанийн засаглалыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлэхэд холбогдох хуулийг яаралтай батлахад Байнгын хороо анхаарч ажиллах, шаардлагатай талаар санал хэлэв.
Түүнчлэн гишүүд нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд хугацаандаа ашиглалтад орох, эсэх, “төмөр замын тээврийн холболтын асуудал, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд олгох 1072 хувьцааг эргэлтэд оруулах, улмаар ногдол ашгийг хэзээ хүртээх талаар илүүтэй тодруулж байлаа.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой үүрэг эрхт төлөөлөгч Б.Ганбат хариултдаа, бид нүүрсний тээвэрлэлтийн асуудалд онцгой анхаарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран төмөр замын тээврийн холболтыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэх асуудлын зангилаа нь төмөр замын холболт тул богино хугацаанд гүйцэтгэж чадвал тээвэрлэлтэд гацалт үүсэхгүй гэв.
Мөн “Онцгой дэглэм тогтоохын өмнө тус компанитай холбоотой 4.3 их наяд төгрөгийн өр, төлбөр байсныг хоёр их наяд төгрөгөөр бууруулсан. Үлдэгдэл өр, төлбөрийг барагдуулах асуудал байна. Нөгөөтээгүүр, төмөр замын холболт, нүүрсний баяжуулах үйлдвэртэй холбоотой төслийн ажлуудаа яаралтай дуусгахад хөрөнгө, мөнгө хэрэгтэй байна. Дээрх төслүүдээ амжилттай дуусгаж чадвал тус компанийн болон Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Иймд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухайд хувьцаа эзэмшигчдийн зүгээс шийдвэр гарч, түр хойшлуулсан байгаа. 2019 онд тус компани ашигтай ажилласан тул 2020 онд нийт 2.5 сая иргэн тус бүрт 96 мянган төгрөг хуваарилсан юм билээ. Цаашдаа ногдол ашгийн тухайд компанийнхаа зарчмаар ашигтай ажилласан нөхцөлд ашгаа хүртээдэг тогтолцоо руу шилжих нь зөв гэдгийг төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчидтэй ярилцаад ирэх оноос уг асууплыг шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ