Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл эхэллээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Ковид-19 цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив тусламж болон тэдгээрийн орлого зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

 

Сонсголын бүртгэлийн ажиллагаа энэ сарын 9-11-ний хооронд үргэлжилнэ. Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар захидал илгээн бүртгүүлэх юм. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу энэ сарын 20-ны өдрийн дотор бичгээр хүргүүлж болох аж.

 

Мөн тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу энэ сарын 20-ны өдрийн дотор Эдийн засгийн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлж болох аж. Оролцогчдын талаарх мэдээллийг хүсэлт хүргүүлсэн дарааллаар нь баталгаажуулж, бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын албан ёсны цахим хуудаст байрлуулах юм.

 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар /Лавлах утас: 51-262165/. Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ