Хүлэмжийн талбайг 270 га-д хүргэхийг зорьж байна
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын ХХААБ хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмж, эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмж бүхий загвар аж ахуйг бий болгож, төслийн суурь судалгааны тусламжтай Монгол орны цаг уур, агро-экологи, зах зээлийн чиг хандлагад тохиромжтой хүлэмжийн загвар, тариалахад хамгийн ашигтай таримлуудыг тодорхойлно. Түүнчлэн, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, төслийн судалгааны багийнхан нийслэл орчмын хүлэмжийн зарим аж ахуйн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, аж ахуйн эрхлэгчдийн санал хүсэлтийг нь сонсож, төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний хүрээнд импортоор авч буй хүлэмжийн 15407 тонн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын хүлэмжийн үйлдвэрлэлээр 100 хувь хангахын тулд шинээр 50 га өвлийн, 100 га зуны хүлэмж нэмж байгуулан, хүлэмжийн талбайг 270 га талбайд хүргэхийг зорьж буй. Үүнийг хэрэгжүүлэхэд хүлэмжийн аж ахуй байгуулахад урт хугацаат зээлийн эх үүсвэр бий болгох, зээлийн хүүг хөнгөлөх, гадаад орон, олон улсын байгууллагаас хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүлэмжийн аж ахуйн технологи хөгжүүлэх, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн технологийн мэдлэг чадвар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, чадавхжуулах чиглэлээр ХХААХҮЯ-аас идэвхтэй ажиллаж байгааг мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ