"Эрэн хайх ажиллагаанд гэмт этгээдийн мэдүүлэг болон сошиал дахь мэдээллүүд саад болж байсан" гэж Онцгой комисс мэдэгдлээ

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд сумаас аравдугаар сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон 12 настай охиныг амь хохирсон байдалтай 77 цагийн дараа олж эрлийн ажиллагааг зогсоож, охиныг амь хохирсон байдалтай олсон газар ЦЕГ, ШШЕГ хэргийн газрын үзлэг шинжилгээг үргэлжлүүлэн хийж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл эрлийн багийн ажиллагааны талаар Дорноговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Юуны түрүүнд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт болсон гэмт этгээдийн балмад үйлдлийн хохирогч болж, амь хохирсон охины ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл өгөх хүсэлт тавьсны дагуу бид хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөхөөр холбогдох байгууллагын төлөөллүүд ирээд байна.

2023 оны аравдугаар сарын 3-ы өдрийн өглөө 07:10 цагт гэрээсээ сургуульдаа явахаар гарсан хохирогч алга болсон талаарх дуудлага аймгийн цагдаагийн газарт 10:30 минутад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Улмаар тухайн өдрийн 20:00 цагт эрлийн багийг өргөтгөж аймгийн онцгой комисст ирүүлсэн хүсэлтийн дагуу нийт 23 байгууллагын 243 алба хаагчдыг дайчилж, 89 тээврийн хэрэгслээр эрлийн ажлыг үргэлжлүүлсэн. Мөн Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин сууж байгаа 300 гаруй иргэд 100 гаруй тээврийн хэрэгслээр эрлийн ажилд нэгдэж, онцгой комисс, иргэд хамтарсан эрлийн ажлыг Сайншанд сумаас 10,20 км зайд хийсэн. Мөн 13 сумын онцгой комиссыг яаралтай хуралдуулж охиныг эрэн хайх ажлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр үргэлжлүүлсэн.

Аравдугаар сарын 4-ний өдрийн өглөөний 03:00 цагийн байдлаар Онцгой комисс нийт 78 алба хаагчийг хэрэгтний явсан маршрутын дагуу Дорноговь, Дундговь, Өмнөговь сумын хэмжээнд дайчлан гаргасан. Улмаар тус баг өнөөдөр өглөөний 03.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж эрлийн ажиллагааг дуусгаж ирлээ.

Мөн энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд сэжиг бүхий этгээд болон сэжиг бүхий тээврийн хэрэгсэл Дорноговь аймгийн зарим сумдад явж байна гэх мэдээллийн дагуу дахин ажлын хэсгийг зохион байгуулж Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран дөрвөн сумын нутаг дэвсгэрт эрэн хайх ажлын зохион байгуулсан.

Түүнчлэн эрэн хайх ажиллагаанд нисдэг тэрэгний дэмжлэг хүссэний дагуу агаараас эрэн хайх 111 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн болон мөрдөн байцаах тасгийн мэргэжилтнүүд эрлийн ажиллагаанд хамтран ажилласан. Аравдугаар сарын 04-ний өдрийн 16 цагт гэмт этгээдийн тээврийн жолоочдын оролцоотойгоор саатуулж баривчилсан. Гэмт этгээд баривчлагдсан боловч хохирогчийг эрэн хайх ажилд санаатай саад болох олон талын худал мэдээлэл мэдүүлгүүдийг өгч эрэн хайх үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагаар батгалдаагүй хэргийн мэдээлэл явсан. Ингээд өчигдөр /2023.10.07/ охиныг амь хохирсон хохироосон байдалтай олсон. Энэ хугацаанд 741 алба хаагч, 191 тээврийн хэрэгсэлтэйгээр энэхүү үйл ажиллагаанд оролцсон. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг мөрдөн шалгах байгууллага өгөх байх гэж бодож байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ