"Нөхөн сэргээлтийнхээ төвийг эргүүлж авахад спортынхон тэмцэх хэрэгтэй байна"
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 210 дугаар байрны зүүн урд, Рэжис палас барилгын зүүн талд Өөжин ХХК (Өөжин мед эмнэлэг)-ийн өргөтгөлийг барихаар барилгын ажил эхлүүлж буйг оршин суугчид эсэргүүцэж жагсаал хийж байна.
Уг газрыг Олимпын хорооны өмчлөлийн байртай нь цуг олимпын аварга Э.Бадар-Ууган авсан гэдгийг иргэд хэлж байлаа.
Тус газарт одоо Өөжин ХХК-ийн захиалгаар 16 болон 14 давхар "Эмнэлэг, худалдаа үйлчилгээний цогцолбор барилга" барих зөвшөөрлийг авсан байгаа бөгөөд тэр хавийн 3,000 орчим иргэн оршин суудаг хотхонуудаас 9-11 метрийн зайтай баригдаж байгаа аж.
Энэ нь стандартад нийцэж байгаа эсэхэд тайлбар өгөхийг оршин суугчид Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас шаардаж байгаа юм байна.
Оршин суугчид "Ийм ойрхон зайд хоёр блок том барилга барих стандарт нөхцөл байгаа юм уу. Шөнө оройн цагаар барилгын ажил явуулж тав тух алдагдуулж байна. Газар хөдөлбөл яах вэ? Яагаад ийм эрсдэлтэй нөхцөлд барилга барих гээд улайраад байна вэ. Ийм жижиг зайнд орц гарц нь хүртэл асуудалтай байна шүү дээ" гэв.
"Нөхөн сэргээлтийнхээ төвийг эргүүлж авахад спортынхон тэмцэх хэрэгтэй байна"
Түүнчлэн улсын газрыг хувийн компани аваад барилга барьж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ талаар Спортын сэтгүүлч Н.Тамир "Олимпын хорооны өмчлөлийн байрыг газартай нь цуг олимпын аварга Э.Бадар-Ууган өөрийн болгосон. Бид энэ асуудалтай олон жил тэмцэж байна. Сүүлдээ бүүр даварч ойр хавийн оршин суугчдын газраас булааж байна. Тамирчдын нөхөн сэргээх төвийг анх Монголын үндэсний олимпын хорооны хөрөнгөөр болон бусад зээл тусламжаар барьсан. Уг төвийг тамирчдыг нөхөн сэргээх сувилал ХХК болгож хувийн өмч болгосныг Э.Бадар-Ууган авсан гэж ярьдаг. Хэрвээ худалдаж авсан бол хэдэн төгрөгөөр авсан тэр нь Олимпын хорооны данс руу орсон уу үгүй юу гэдэг нь асуудал.
Мөн энэ барилга байгууламжийн газар нь Монголын үндэсний олимпын хороо ТББ-ын өмч. Энэ газрын мөнгө нь хаана байна вэ? Э.Бадар-Ууганд монголчууд өртэй юм уу? Татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал авч байгаа шүү дээ. Төрөөс энэ ёс зүйгүй этгээдийн урамшууллыг зогсоох хэрэгтэй. Э.Бадар-Ууганд хандаж хэлэхэд олны хайрыг хүлээж чадахгүй бол түмний шившиг болдог шүү. Нөхөн сэргээлтийнхээ төвийг эргүүлж авахад спортынхон тэмцэх хэрэгтэй байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД