9 дүгээр сарын дундуур орсон борооны улмаас ургац хураалтын ажил 2-9 хоног саатаад байна
2023 онд улсын хэмжээгээр 597.7 талбайд тариалалт хийснээс үр тариа 357,6 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, тэжээлийн ургамал 80,1 мянган га-д, жимс, жимсгэнэ 4.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалсан байна.
2023 оны 4 дүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутагт ашигтай чийгийн нөөцийг (уринш болон гуурстай талбайд) хагалгааны гүнүүдэд тодорхойлоход ихэнх нутгаар хангалтай, Архангайн Төвшрүүлэх, Булганы Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр дунд зэрэг, Төвийн Цээл, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд хангалтгүй байсан. Мөн 5 дугаар сард газар тариалан бүхий нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас сэрүүн байсан нь таримал ургамлын цухуйлтын үе шат оройтоход нөлөөлсөн.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал тариалан бүхийн нутгаар дунджийн орчим ба түүнээс 1.1-2,6 градусаар дулаан байсан. Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 1-21 хоног халсан байна. Тариалан бүхий ихэнх нутгаар 150.0-300.0 мм, их орсон газраа 300.1-380.3 мм орсон нь олон жилийн дунджаас ахиу байсан байна.
Улаан буудай ихэнх нутгаар 6 дугаар эхээр цухуйж, 7 дугаар сарын эхээр голлолтын үе шатандаа орсон бол 8 дугаар сарын сүүлч гэхэд аарцан бололтын үе шатнаас бүрэн бололтын үе шатандаа орж эхлээд байсан. 9 дүгээр сарын дунд гэхэд ихэнх нутгаар болц гүйцсэн.
Төмс 6 дугаар сарын дундуур ихэнх нутгаар цухуйж, 7 дугаар сарын дундуур гэхэд баг цэцгийн үүслийн үе шатандаа орсон. Харин цэцэглэлт үе шат ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлчээр, Дархан-Уулын Дархан, Дорнодын Чойбалсанд мөн сарын дундуур, Ховдын Булган, Архангай Төвшрүүлэх, Төвийн Жаргалантад 8 дугаар сарын эхээр ажиглагдсан. Төмс тариалсан ихэнх нутгаар 8 дугаар сарын дундаас 9 дүгээр сарын дунд хүртэлх хугацаанд ишний гулжийлт явагдсан.
Энэ зун таримал ургамалд дулаан болон чийгийн хангамж хангалттай байж, үе шатууд хэвийн явагдаж, ургалтын байдал сайн байснаар ургац хураах бүрэн бололцоотой болсон ч 9 дүгээр сарын дундуур орсон борооны улмаас ургац хураалтын ажил 2-9 хоног саатаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ