Талийгч хүүгийн хэрэгт холбогдогч Б-г авто тээврийн гэмт хэрэг үйлдэж, зориуд зугтаасан хэргээр хорьжээ
Дорнод аймагт эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олсон талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа "Энэ оны есдүгээр сарын 26-ны 21:00 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газарт “Миний долоон настай хүү оршин суух газраасаа есдүгээр сарын 25-наас хойш алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тухайн хүүхдийг оршин суух хаягаасаа ор сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд өгөгдсөн мэдээллийн дагуу энэ сарын 28-ны 16 цагийн орчим, тус сумын гуравдугаар багийн нутагт Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400м орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай байгааг олж тогтоосон харамсалтай мэдээлэл байна.
Хүүг амиа алдсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага олон талт арга хэмжээ авч байна. Хэрэгт холбогдуулан 34 настай иргэн Б-г Эрүүгийн хуулийн 27.10 болон 27.11 зүйлд зааснаар буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон.
Тухайн хэрэгт холбогдогч иргэн Б, талийгаач хүүгийн оршин суух газраасаа алга болсон өдрөөс хойших хугацааны зам, маршрутыг шалгаж, цагдаагийн байгууллагаас холбогдох бүхий л ажиллагааг хийж байгаа. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Тухайн аймгийн нутаг дэвсгэрт байрлуулсан хяналтыг камерыг цагдаагийн байгууллагын 25-30 алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг нэн даруй зохион байгуулсан. Хяналтын камерт хадгалагдан үлдсэн бичлэгүүдийг бичиж авсан.
Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 28-ны өдөр хүч нэмэгдүүлэн оролцсон.
Энэ асуудлаар бага насны хүүхэд амиа насаа хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ