“Шүүхийн хүний нөөцийн бодлого ба шүүхийн захиргаа” сэдэвт хэлэлцүүлэг болж байна
Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулган 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эхэллээ.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Нийт шүүгчийн чуулган нь Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцдэг. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг танилцууллаа.
Мөн Шүүхийн сахилгын хорооны тайланг тус хорооны дарга Х.Хашбаатар танилцуулсан юм.
Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайлантай танилцсаны дараа Нийт шүүгчийн чуулганы дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж батлав.
Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцсэн юм. Санамсаргүй аргаар хэрэг хуваарилах процессыг сайжруулах, давж заалдах шатнаас буцсан хэргийг хуваарилах болон бүрэлдэхүүний шүүгчийг санамсаргүй аргаар сонгоход программ ашиглах асуудлыг хэлэлцэж, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоол баталлаа.
Чуулган үдээс хойш “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хөгжил”, “Шүүхийн хүний нөөцийн бодлого ба шүүхийн захиргаа” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Энэ удаагийн чуулганд бүх шатны шүүхийн 499 шүүгч оролцож байна.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ