"Өндөр гэгээн Занабазарын өв соёл" олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын өв соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургууль, Өндөр гэгээний үүсгэн байгуулсан Шанхын баруун хүрээ хийд, Өвөрхангай аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Аймгийн засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэгээн хангай клуб хамтран зохион байгуулж байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хуралд Унгар, Польш, ОХУ, Америк, Чех, Монгол улсын 31 эрдэмтэн судлаач, шашны зүтгэлтнүүд оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм.
Монголын соёлын түүхэнд тодрон гарсан суу билэгт эрхэм хүмүүн Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар нь Төв Азийн өндөрлөг дэх соёлын орон зайг дүрслэх урлаг, архитектур, ерөөл магтаал, утга зохиолын гайхамшигт бүтээлүүдээрээ баяжуулж, өөрийн алдар нэрээ хүн төрөлхтний түүхэнд тодоор бичиж үлдээсэн авьяас билэг нэгэн билээ.
Түүнчлэн тэрээр Монголд бурхны шашныг өв соёл болтол нь хөгжүүлсэн гэж судлаачид дүгнэжээ. Тиймээс Монголд төдийгүй дэлхий дахинд энэ хүний хөгжүүлсэн өв соёлыг таниулах зорилгоор олон улсын түвшинд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан нь энэ.
Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар нь лам нарын хувцас хэрэглэл, бурхны дүрүүдийн баримал, уран зураг, уншлагын ая дан зэрэг маш олон түүхэн туурвилыг зохиож, тэдгээр нь өнөөдөр шашин судлалын томоохон судлагдахуун болоод буй. Энэ талаар Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит бурхан шашны дээд сургуулийн захирал Б.Жамбал “Монголын хурлын ая дангаас эхлээд цан тэргүүтэн зүйлүүдийн хэц хэрэгсэл, бурхан урлал, зураг урлал тэргүүтэн зэрэг нь бусад бурхны шашин хөгжсөн улс орныхоос өөр байдаг” гэлээ.
Тиймээс бид хойч үедээ түүний бүтээсэн биет болон биет бус соёлыг өвлүүлэн үлдээх шаардлагатай талаар хурлын зохион байгуулагчид онцоллоо. Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн хамба лам Я.Ганзаяа “Өндөр Гэгээнээс дамжиж ирсэн соёлын биет болон биет бус маш олон өв бий. Зарим нь цаг хугацааны эрхээр алдагдсан. Гэхдээ одооноос энэ өв соёлыг хамгаалах, дэлхий дахинд сурталчлах хэрэгтэй” гэв.
Батцагаан цогчэн дуганд болсон энэхүү хурлын үеэр эрдэмтэн судлаачид Өндөр гэгээний бүтээл туурвилын судалгаа, түүний үзэл санаа хийгээд соёмбо үсгийг зохиосон тухайд олон сонирхолтой илтгэл тавьсан бөгөөд "Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын ба бог дээдсийн өв соёл" тусгай үзэсгэлэнг нээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ