Мансуурах бодис хэрэглээд шийтгүүлсэн 70 иргэний наймаас нь дахин илэрчээ
Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран шүүхээс мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон 70 орчим иргэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ.
Сургалтаар мансууруулах бодисын хор уршиг, сэтгэцэд учруулах сөрөг нөлөө болон холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээллийг өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Мөн үеэр шүүхээс тогтоосон хязгаарлалтын хэрэгжилтийг шалгаж, сургалтад оролцогчдоос шинжилгээ авахад 8 хүний биеэс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Тиймээс сэтгэцэд нөлөөт бодис биеэс нь илэрсэн иргэдийг шалгуулахаар холбогдох албан тушаалтанд шилжүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ