"Монгол Улс олимпын наадамд "Цагаан туг"-тай оролцох эрсдэлтэй"
Ирэх онд Франц улсад зохион байгуулагдах зуны олимпын наадамд Монгол Улс "Цагаан туг"-ийн дор оролцох эрсдэл үүсээд байгаа талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Допингийн эсрэг олон улсын байгууллага, түүний салбарыг хэрэгжүүлэн Монгол Улсад ажиллаж буй байгууллагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар Засгийн газар, Олимпын хороо оролцох боломжгүй дүрэмтэй. Монгол Улсыг төлөөлж, олон улсын байгууллагын гишүүн болсон MONADA нь шинжилгээ авах явцаа олон улсын жишигт хүргэх үүрэгтэй байдаг. Энэ талаар мэдээлэл Засгийн газарт хангалттай хэмжээнд байдаггүй. Тиймээс Засгийн газар асуудлыг сонсож танилцсаны үр дүнд Ерөнхий сайд чиглэл өгч, надаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Одоо яаралтай хуралдах гэж байгаа. Учир нь энэ сарын 22-нд WADA-гийн Зөвлөлийн хурал болно. Хурлаар Монгол Улсад тавьсан зургаан шаардлагын хэрэгжилтийг авч хэлэлцэн, дүнгээ тавина. Хэрэв хангалтгүй гэж үзвэл ирэх жил Монгол Улс олимпод "Цагаан туг"-тай оролцох эрсдэл учирлаа гэх нөхцөл дээр ирсэн.
Допингийн эсрэг үндэсний төвд уулзах хүсэлт гаргана. Хүсэлт тавих шалтгаан нь Засгийн газар шууд оролцох боломжгүй. Хоёрдугаарт спорт, биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд энэ асуудлаар уулзах санал хүсэлт тавиад холбогдож чаддаггүй. Хамгийн сүүлд гуравдугаар сард холбогдоод, өнөөдрийг хүртэл дахин холбогдож чадаагүй байна. Ийм л хүндрэл бэрхшээлийн дунд Засгийн газар, допингийн асуудал ороод байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ