УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Шүүхийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж өгөхөд анхаарахыг хүсэж байна
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Ирц бүрдсэнээр шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн юм.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дараах санал хүсэлтийг илэрхийлэв.
Тэрбээр "Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын талаас хилээр хууль бусаар нүүрс нэвтрүүлсэн асуудлын мэдээллийг хуулийн байгууллагуудаас хүссээр жил орчим хугацаа өнгөрч байна. Том тээврээр нүүрс зөөсөн болон бусад маш ноцтой асуудлын мэдээлэл ирсэн байх ёстой.
Энэ асуудлууд нийгмийн анхаарлын төвд байна. Анхнаасаа төөрөгдүүлсэн, зохион байгуулалттайгаар бүтэн ес, арван сарын хугацаанд гүтгэлийн шинжтэй мэдээллүүдийг маш их түгээсэн. Хэн нэгний хуулийн хариуцлагаас мултрах гэсэн сонирхол энэ дотор байна.
Бид хилсээр хэлмэгдмээргүй байна. Тиймээс шүүхийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж өгөхөд анхаарахыг хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хувьд шүүх хуралдаанд дөрвөн өмгөөлөгчийн хамт оролцож байна.
Энэ талаар түүний өмгөөлөгч н.Гэрэл-Очир "Т.Аюурсайханы өмгөөлөгчид дөрвүүлээ ажиллаж байгаа юм. Тодорхой хэрэг маргаантай холбоотойгоор ярих зүйлийнхээ дарааллыг тогтоосон.
Өмгөөлөгч н.Цэцэгмаа, н.Баасанжав, н.Гэрэл-Очир, н.Нямдорж өмгөөлөгч гэсэн дарааллаар үг хэлнэ" гэв.
Дарааллын дагуу өмгөөлөгч н.Цэцэгмаа хэрэг маргаантай холбоотойгоор тайлбар, мэдээллээ шүүх бүрэлдэхүүнд танилцуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ