13 оюутныг Франц улсад сургана
Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан "Франц хэлний сургалт болон Монгол, Францын харилцаа" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн баасан гарагт МУИС-д боллоо. Уг хуралд зургаан орны төлөөлөгчид оролцож, Франц орон судлал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэл заах арга зүй, орчуулга, соёл судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. Хурлын үеэр хоёр орны соёл, боловсрол, археологи, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар талууд санал солилцлоо. Үүний хүрээнд Монголоос "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд Францын Шинэ Сорбонны их сургуульд 13 оюутныг бакалаврын зэргээр сургахаар болсон байна.
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр "Бид энэ жил Монгол Улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр улсын хооронд зорчих тээврийг хялбаршуулан, илүү олон оюутанд сургалт, судалгаагаа үргэлжлүүлэх бололцоог олгож, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг улам хөгжүүлж хамтран ажиллана. Бид Франц улсдаа илүү олон монгол оюутныг баяртайгаар хүлээн авч сургах болно" хэмээн дурдаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ