Н.Учрал: Киоск машин ашиглан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр шилжүүлэх боломжтой боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн тухай мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжууллаа. Авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсан нь түгжрэл болон төвлөрөлд маш том нөлөө үзүүлнэ. Ингэснээр иргэд киоск машин дээр очоод авто тээврийн хэрэгслийнхээ нэрийг оруулаад, шууд шилжүүлэх боломжтой болсон. Төрийн үйлчилгээний хурдан цэг улсын хэмжээнд 125 байгуулагдсан. Хурдан цэгийн оператор дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлж болно. Нотариатын гэрээний тухайд, и-монголиа дээр байршсан байгаа. Тиймээс и-монголиагаар дамжуулан нотариатын гэрээгээ татаж аваад, тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж болно.

ТҮЦ машиныг шинэчлээд 10 байршилд байршуулсан. Тухайлбал, Төв шуудан, "Да хүрээ" тэргүүтэй олон нийтийг хамгийн ихээр зорчдог хэсэгт байрлуулсан. Мөн хувийн киоск үйлчилгээтэй газруудтай Засгийн газар хамтран ажиллана. Ингэснээр төрийн үйлчилгээний ачаалал буурах юм. Түүнчлэн хувийн хэвшлүүд киоск машин нэвтрүүлсэн. Бид тухайн компаниудтай гэрээ хийн ажиллаж болно.

Бид анх удаа цахим гэрээ хийхээр болж байна. Ингэхдээ тоон гарын үсгийг ашиглана. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 800 гаруй мянган иргэн тоон гарын үсгийг авсан боловч хэрэглээнд бодитойгоор ашиглаж чадахгүй байгаа. Тэгвэл үүний эхлэлийг авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах нь хамаарах юм.

Тиймээс дараа дараагийн цахим үйлчилгээнд тоон гарын үсгийг хэрэглэхээс өөр сонголтгүй болно. Цахим хэрэглээг сайжруулахын тулд цахимаар авах үйлчилгээг нэн тэргүүнзд шийддэг болгох юм. Тэгж байж бид дахин давтагдашгүй цор ганц тоон гарын үсгийг хэрэглээндээ бүрэн гүйцэт нэвтрүүлнэ" гэлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ