Алтанбулагийн боомтын өргөтгөлийг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна

Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тус аймаг дахь Алтанбулагийн боомтын үйл ажиллагаа болон Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж буй боомтын  барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөлийн ажлын явцыг шалгалаа.

Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг 2020 оны долоодугаар сард эхлүүлж байсан бөгөөд Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удаашралтай байсан юм. Харин өнөөдрийн байдлаар 1 дүгээр хэсгийн авто зам, барилга байгууламжийн ажил 97 хувийн гүйцэтгэлтэй, ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

1 дүгээр хэсгийн барилга байгууламжид Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга, агуулах, гаалийн лаборатори, 66кВт нарны цахилгаан үүсгүүр, гадна дулаан, цэвэр ус хангамжийн ажил болон бусад дэд бүтэц хамаарч буй юм.

Боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын 2 дахь хэсгийн байгууламжийг ирэх оны 2 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Ингэснээр тус боомтын хүчин чадал 4 дахин нэмэгдэх юм.

Алтанбулаг боомт нь одоогийн байдлаар 24 цагийн турш тасралтгүй иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа бол цаашид ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөн 24 цагаар ажиллуулахаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийхээр ажиллаж буй тухай Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ