АНУ-аас иргэдийн оролцоо, мэдээллийн хүртээмжтэй байдлыг дэмжих шинэ хөтөлбөр Монгол Улсад хэрэгжүүлэхээр болов
АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-аар дамжуулан Монгол Улс дахь иргэдийн оролцоо, мэдээллийн олон нийтэд хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор Азийн сантай шинэ хамтын ажиллагааг өчигдөр эхлүүлэв.
10 сая ам.доллар буюу 34 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий таван жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь мэргэжлийн, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор Монголын ардчилсан тогтолцоог улам бэхжүүлж, уян хатан болгоход чиглэгдэх юм.
Энэхүү шинэ төслийг нээх үеэр АНУ-ын ОУХА-ийн Бүсийн захирал Райан Уашберн сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй сорилт, боломжуудын талаар яриа өрнүүллээ.
Захирал Уашберн "Улс орныхоо ардчиллын үйл явцад иргэдийг идэвхтэй татан оролцуулахын тулд тэднийг мэдээллээр ханган ажиллаж байдаг хүмүүстэй биечлэн ярилцаж тэдний хүсэл тэмүүллийн талаар сонслоо" гээд, "Сонсох, суралцах, хамтран ажиллах нь ОУХА-ийн хөгжлийн хандлагын гол цөм нь юм" хэмээн хэлсэн байна.
АНУ-ын ОУХА-аас ардчиллын чухал элемент болох иргэдийн орон нутгийн болон төвийн засаг захиргааны нэгжтэй харилцах механизмыг бэхжүүлэхэд Улаанбаатар хотоос илүүтэй хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Мөн сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын чанартай, өргөн цар хүрээтэй, олон нийтэд хүртээмжтэй мэдээ мэдээлэл бэлтгэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх ур чадварыг нэмэгдүүлэх санаачилгыг ОУХА-аас дэмжин ажиллах юм.
"Бидний өнөөдөр эхлүүлж буй шинэ хөтөлбөрөөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Азийн сан орон нутгийн хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай гар нийлэн хамтран ажиллаж, Монголын ардчилсан нийгэмд иргэдийг мэдээллээр хангах, тэдний оролцоог улам бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжих болно" гэж Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг хэлэв.
Уг төсөл нь олон жилийн турш иргэдийн оролцоо, ардчилсан засаглалын төлөө гэсэн ОУХА-ийн хүчин чармайлтад тулгуурласан юм. Өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээр сонгууль зэрэг улс төрийн үйл явцад залуус, эмэгтэйчүүд болон бусад цөөнх бүлгийн дуу хоолойг нэмэгдүүлэх, мөн нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмэр оруулж буй ардчиллын төлөөх залуу манлайлагчдад дэмжлэг үзүүлэн ажилласан билээ.
Ардчилал, зах зээлийн шинэчлэлийн эхэн үед Улаанбаатар хотыг дулаан, эрчим хүчээр хангаж байсан гуравдугаар цахилгаан станцад нэн шаардлагатай байсан засварын ажилд тусламж дэмжлэг үзүүлснээр эхэлж байсан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монгол Улс хоорондын түншлэл өдгөө 30 гаруй жилийн турш үргэлжилж байна. АНУ-ын ОУХА нь мөн ардчиллыг хөгжүүлэх, байгалийн гамшигт тэсвэртэй орон нутгийг бэхжүүлэх, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн.
АНУ-ын Засгийн газраас ОУХА-аараа дамжуулан Монгол Улсад хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор өнөөг хүртэл 130 гаруй сая ам.доллар буюу 450 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ