Морин хуурын чуулга Австралийн Сидней хотын Дуурийн театрт анх удаа тоглолоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулга 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дэлхийд алдартай Сиднейн Дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилуулав.

Тус тоглолтыг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Парламентын дарга Бэн Франклин, Австралийн Гадаад хэргийн яамны Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Ковэн нар үг хэлсэн бөгөөд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч хатагтай Маргарет Бийзли болон тус улсын төр, засгийн байгууллага, бизнесийн төлөөлөл, гадаад улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тус улсад оршин суугаа монгол иргэдийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 2200 гаруй хүн үзэж сонирхов.

Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа Өргөтгөсөн түншлэлийн түвшинд боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж, иргэд хоорондын хэлхээ холбоо улам бүр батжин бэхжиж буйг тэмдэглээд “Монголд зочлох жил”-ийн хүрээнд австралийн олон жуулчин Монголын сайхан оронд зочилж, баялаг түүх, соёл уламжлал, зан заншилтай танилцахыг урив.

Морин хуурын чуулга Сиднейн Дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 20 гаруй бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн бөгөөд тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо онцлог юм.

Сиднейн Дуурийн театр нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн, орчин үеийн Австрали Улсын бэлгэ тэмдэг болсон архитектурын хосгүй бүтээл бөгөөд ногоон тивийн хамгийн алдартай, хамгийн хөл хөдөлгөөн ихтэй урлаг соёлын төв бөгөөд жилд 11 сая гаруй зочин хүлээн авч, 1800 гаруй арга хэмжээг зохион байгуулдаг байна.

Гадаад харилцааны яамны зүгээс “Монгол Үндэстний үнэлэмж” гадаад сурталчилгааны цогц арга хэмжээний хүрээнд дэлхийн улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлж, монгол үндэстний соёл, түүхийг дэлхий дахинаа сурталчлан таниулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийсэн бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны яам хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан манай уран бүтээлчдийн тоглолтыг дэлхийн нэр хүндтэй тайзнаа толилуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ирлээ. Тухайлбал, тус чуулга нь Япон Улсын NHK телевизийн концертын их танхим, Сиднейн Дуурийн театрт амжилттай тоглосон бөгөөд тун удахгүй БНФУ-ын Парис, Нант зэрэг хотын түүхэн алдарт газруудад уран бүтээлээ толилуулах бэлтгэлийг хангаж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ