Бодлогын судалгаанд суурилж, хотын асуудлуудыг шийднэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчдад ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг болон сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын төлөөлөл болсон 300 орчим хүн оролцсон юм.

Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалд тулгуурлан өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хуримтлагдсан олон асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж буй. Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд хотын эрх зүйн чадамжийг сайжруулахаар 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Тус хуулийг шинэчилснээр Улаанбаатар хот Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй болж, концесс олгох замаар хөрөнгө оруулалтыг дэмжих, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, үнэт цаас гаргах замаар төсвийн бус хөрөнгийн эх үүсвэртэй болох боломж нээгдсэн юм. Цаашлаад хотын хөгжилд тушаа болох бусад дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, Улаанбаатар хотын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаач нар, олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран дата мэдээллүүдээ нэгтгэн, хотыг бодлогын хэмжээнд хөгжүүлэх Гурван суурьт хөтөлбөрийг боловсруулсан. Анх ажлаа авч байхдаа өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан асуудлуудыг өөрчлөн шинэчлэхэд УИХ, Засгийн газар, нийслэл гурвын харилцан уялдаа холбоог хангаж ажиллах зорилт тавьж байсан. Тиймээс хотын нийгэм, эдийн засаг, эрх зүйн асуудлуудад УИХ, Засгийн газрын түвшинд ойлголтоо нэгтгэн, эв нэгдэл, зохион байгуулалтаа чамбайруулж чадсан. Одоо бидэнд бодлого, судалгаа, тооцоолол, дэмжлэг, ойлголцол, эв нэгдэл, боломж байна. Тиймээс бодлогын судалгаанд суурилж, асуудлуудаа шийдэх хэрэгтэй” гэв.

Чингэлтэй дүүргийн хувьд 8930 га газар нутагтай бөгөөд 151 мянган хүн амтай. Дүүргийн удирдлагууд боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарал хандуулж байгаагаа энэ үеэр онцолж байлаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбартаа шинэчлэл хийн, өрхийн эрүүл мэндийн төв, амбулатори, нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжаа шинэчилж байгаа юм. Мөн энэ ондоо багтаж дүүргийн 1600 орчим багш ажилтныхаа компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид 400 багшид шинэ нөүтбүүк хүлээлгэн өгчээ. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 39 цэцэрлэгт олон улсын хөтөлбөр нэвтрүүлсэн аж.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Өнөөдрийн уулзалт бол аж ахуйн асуудлаа ярилцах бус, бодлогын асуудлуудаа ярилцах зорилготой. Өөрөөр хэлбэл, хот ямар бодлого баримталж байна вэ, цаашид хэрхэн хөгжих вэ, үүнд дүүрэг, хорооны төрийн алба хаагчдын үүрэг, оролцоо хэрхэн огтлолцож байна вэ гэдгийг нэгтгэн харах боломжтой” хэмээн онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ