АТГ: Гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгалаа

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 861 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 840 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 1 мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах 2 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “З” нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа Зорчигчийн вагон депогийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хахууль авсан гэх;
  • “С” нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх;
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын албан тушаалтан “Б” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: АТГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ