Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймгийн иргэдтэй уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 9 дүгээр сарын 11-нд Дундговь аймагт ажиллаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэнд оролцож, тус аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилтэй танилцаж, иргэдтэй уулзалт хийв.

 

 

Түүний аяллын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон албаны бусад хүмүүс багтжээ.

 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, Дундговь аймгийн хөгжлийн асуудлаар иргэдтэй санал бодлоо солилцсон төдийгүй тус аймгийн хувьд тулгамдсан бүтээн байгуулалтын хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, 13 жил гацсан Төв халхын дуулалт жүжгийн театр, 2021 онд буулгасан Говийн ирээдүй цогцолбор сургууль, 2022 онд буулгасан Хүмүүнлэг сургуулийн барилгын ажлыг дуусгах, Баянжаргалан суманд шинэ Соёлын төв барих болон сүүлийн жилүүдэд ихээхэн хэл ам дагуулсан Улаанбаатар, Мандалговийг холбосон улсын чанартай автозамыг засварлах 400,0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болж, Мандалговь, Чойрын чиглэлийн авто замын ажлыг 2024 онд эхлүүлэхээр болов. Түүнчлэн удахгүй болох Ахмадын баярыг угтан аймгийн Ахмадын хөгжлийн төвд ширээ сандал, тоног төхөөрөмжтэй болох асуудлыг шийдвэрлэлээ.

 

Уулзалтын үеэр 40 гаруй иргэн маш олон асуудлаар санал хэлсний дотор 2-оос бусад сумын ЗДТГ-ын барилга муудсан, Цэгц билиг сургууль, Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын барилга барих, шонхор шувуу барих асуудлыг цэгцлэх, бэлчээрийн хомсдол, үлийн цагаан оготныг устгах, залуу малчдыг дэмжих, Дундговь аймагт мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэр барих, хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчнийг дэмжих бодлого гаргах, аймагт дээд сургууль байгуулах, Ахмадын хөгжлийн төвийн тоног төхөөрөмж, ахмадын тэтгэвэр, Салхитын мөнгөний уурхайн тодорхой хувийг орон нутаг эзэмшдэг болох зэрэг асуудлыг хөндсөн.

 

Иргэдийн асуултад салбарын сайдууд чиглэл чиглэлээр хариулт өгч, гарсан зарим саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлнэ гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт ийнхүү орон нутагт ажиллаж, бодлого, шийдвэрээ танилцуулан, нүүр тулж уулзан ярилцаж байгаад иргэд талархаж, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. 

 

 

Тэрээр “Дундговь аймаг хөгжих үедээ оржээ. Аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн, Засаг дарга болон удирдлагууд, иргэд бүгдээрээ нэгдэж, нэг зорилготой, нэг хүсэл тэмүүлэлтэй болсон байна. Энэ бол хамгийн сайхан зүйл, хөгжих эхлэл” хэмээн онцоллоо. 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ