Ж.Ганбаатар: Халзанбүргэдэйн ордод явуулж буй үйл ажиллагааг түр зогсоож байна. Төр өөртөө аваагүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.06/ боллоо. Хуралдаанаар Халзанбүргэдэйн ордод явагдаж буй хайгуулын үйл ажиллагааг зогсоох, иргэдийн саналд үндэслэн цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэх тогтоолын төслийг баталсан юм.
Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа. Тэрбээр “Халзанбүргэдэй орд нь Ховд аймгийн Мянгад суманд оршдог. Тус ордод хоёр тусгай зөвшөөрөл бий. Хоёуланг нь “Монголиан нэшнл рийр ийрт” компани эзэмшдэг. Харин энэ компанийн 100 хувийг Худалдаа, хөгжлийн банк эзэмшиж байна. Энэ тусгай зөвшөөрлүүд 2001 ба 2004 онд олгогдсон байна.
Халзанбүргэдэй бол газрын ховор элемент бүхий орд. 268 сая тонн хүдрийн нөөцтэй. 1.2 сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Монгол Улсын ГХЭ-ийн нийт нөөцийн 30 орчим хувь дангаараа энд бий гэсэн үг. Их том орд. УУХҮЯ-наас 2023 оны дөрөвдүгээр сард хяналт шалгалт явуулсан. Улмаар үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн акт гарсан. Учир нь, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй зэрэг хэд хэдэн зөрчил гаргасан байсан. Ийм акт тавигдсан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байв. Иймд өнөөдрийн ЗГ-ын тогтоол батлагдлаа. Тус компанийн Халзанбүргэдэйн ордод явуулж буй үйл ажиллагааг түр зогсоож байна. Цааш үргэлжлүүлэх эсэхийг нутгийн иргэдийн саналд үндэслэн шийднэ. Цаашид Мянгад сумын иргэд олонхоороо дэмжихгүй гэвэл бид эргээд үүнийг ЗГ-т танилцуулна гэсэн үг.
Халзанбүргэдэйн ордод олборлолт явагдаагүй, энэ буруу мэдээлэл. Харин хайгуулын үйл ажиллагаа явж байсан. Б.Бат-Эрдэнэ сайд бид хоёр газар дээр нь ажиллаж танилцсан. Хайгуулын үйл ажиллагааг түр зогсооно гэдэг нь лиценз цуцална гэсэн үг биш.
Зогсоох шаардлагатай хэд хэдэн зөрчил илэрсэн юм. Тухайлбал, Цөмийн энергийн тухай хуулийн дагуу улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл аваагүй. Усыг Ховд голоос зөөврөөр ашиглах гэрээ байгуулсан ч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд орон нутагтай гэрээ байгуулаагүй байх магадлалтай, бидэнд гаргаж өгөөгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг яам биш шууд сумын засаг дарга баталсан гэх мэт. Төр өөртөө авах гэдэг ойлголт бол байхгүй. Тодорхой зөрчил гаргасан байна. Зөрчил гаргаж болохгүй. Хууль зөрчих юм бол арга холбогдох хэмжээнүүдийг авдаг. Хариуцлагатай явж байгаа уул уурхайг ЗГ дэмжинэ, хамгаална. Хуулиас гадуур явж бол болохгүй, тийм үү. Хэрэв зөрчлөө арилгаад, нутгийн иргэд нь дэмжинэ гэвэл үргэлжлүүлэх боломжтой. Өнөөдрийн шийдвэр бол цуцална, төр өөртөө авна гэсэн асуудал биш шүү" гэлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ