Ихэнх нутгаар цочир хүйтэрч, цан хяруу унаснаар ургац хураалтад таагүй нөлөөлж болзошгүй
"Энэ сарын эхээр ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, цан хяруу унах зэргээр таримал ургамлын хураалтанд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын дунд, богино хугацааны мэдээг тухай бүрд нь сонсож, хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай"-г ЦУОШГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УМХ-ийн дарга Л.Оюунжаргал мэдээлэв.
Газар тариалангийн нутгаар энэ онд хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж, 5 дугаар сард ихэнх нутгаар дунджаас хүйтэн байсан ч 6 болон 7 дугаар сард дунджийн орчим, түүнээс дулаан байсан нь таримал ургамлын ургалтад таатай байсан юм. Гэхдээ байгалийн давтагдашгүй хүчин зүйл ган, мөндөр, үерийн улмаас үр тарианы 16,1 мянган га, төмс хүнсний ногооны 610,4 га талбай ургац алдаж, болц дутуугаас 13,7 мянган га талбай ногоон тэжээлд шилжихээр байгаа аж.
ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой төлөв гаргаад байна.
Энэ онд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га талбайг тариалсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ