Өөрийгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найз хэмээн бусдыг залилдаг эмэгтэйн хохирогчид бидэнд хандлаа
Өөрийгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найз хэмээн залилан хийдэг эмэгтэйн хохирогчид бидэнд хандана уу?
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд Залилах гэмт хэргийн тухай хуульчилан заасан бөгөөд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 мянгаас 14 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 0.5 – 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 0.5 – 3 жил жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, ингэхдээ энэ хэргийн улмаас бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулсан бол 10-40 сая төгрөгөөр торгох, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ₮ – хэмээн заасан байдаг.
Манай редакцид 10 гаруй хүмүүс “Тулуйн зам” ХХК-ийн захирал Э гэгч эмэгтэйд залилуулсан, ажил хийж өгсөн атлаа ажлын хөлс, цалингаа авч чадалгүй удаж байгаа тухай мэдээлэл ирүүлсэн юм.
“Тулуйн зам” ХХК-ийн захирал Э гэгч эмэгтэй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, ажилтнуудынхаа цалин хөлсийг өгөлгүй удаасаар аж ахуйн нэгж, иргэд, ажилчиддаа нийт 500 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Э гэх эмэгтэй бусдыг залилахдаа эрүүгийн хуульд заасанчлан “бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” замаар бусдын мөнгө төгрөг, эд хөрөнгийг өөртөө авдаг байна. Түүгээр зогсохгүй мань эмэгтэй залилангийн арга төгөлдөржүүлэхийн тулд Эрүүгийн хуульд заасан бусдыг Заналхийлэх, Хувь хүний нууцад халдах, Худал мэдээлэл тараах зэрэг зүйл ангид хамаарах үйлдлийг нэг гаргасан байж болзошгүй байгаа бөгөөд үүндээ нэр сэтгүүлчид, бусдыг дарамталдаг гэх нөхдүүдийг “ашигласан” байх магадалтай аж. Энэ тухай бид дараа дараачийн нийтлэлд баримт дэлгэж өгүүлэх болно.
Э нь бусдыг залилахдаа “Би Шведийн хатан хааны туслахаар ажиллаж байсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй найз, манай аав Засгийн газарт ажилладаг” гэх зэргээр ярьж хүмүүсийг хууран мэхлэн итгүүлж, “хамтран ажиллая, ашгаа хувааж явья” гэх зэргээр ятгаж, бусдаар ажил хийлгэчихээд мөнгө төгрөгөө аваад утсаа салгаад, алга болдог байна.
Мөн өөрөөс нь мөнгө төгрөгөө нэхсэн хүмүүс рүү өөрийн танил сэтгүүлчээр яриулах, найз шүүгчээрээ шийдвэр гаргуулах зэргээр “ажилладаг” аргатай гэх.
Э нь фэйсбүүк дэх хаягаа өөрийн нэрээрээ биш Азжаргал гэдэг нэрээр өөрчилсөн байдаг бөгөөд түүндээ өөрийнхөө бодит зургийг огт оруулдаггүй аж.
Түүний нөхөр нь Монголын хөл бөмбөгийн холбоонд нөлөө бүхий ажил эрхэлдэг А эгч эрэгтэй байдаг аж. Мань эр эхнэрээ “залилангийн аргаар мөнгө” олдог эсэхийг нь мэддэггүй гэхэд эргэлзээтэй.
Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авахын тулд Ерөнхий сайдын нэрийг барьж яваа энэ эмэгтэйг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгаж, үнэн мөнийг нь тогтооно бизээ...
“Тулуйн зам” ХХК-ийн захирал Э гэгч эмэгтэйд итгэж эд хөрөнгө, тоног төхөөрөмж, цаг хугацаа, цалин хөлсөөрөө хохирсон, залилуулсан аж ахуйн нэгж, иргэд байвал манай редакцийн 77042626 утсаар холбогдож бидэнд хандаарай.
А.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ