“Пап Францисын Монгол Улс дахь айлчлал" сэдэвт шуудангийн маркийг нээж, худалдаанд гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад энэ өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Тус айлчлалтай холбогдуулж бүтээсэн “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал" сэдэвт шуудангийн маркийн нээж, худалдаанд гаргах ёслол өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Гэгээн Ширээт Улсын номын сангийн архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог. Энэ онд манай хоёр орны харилцааны түүхэнд тодоос тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явц болж байна. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг эх орондоо хүлээн авахад бэлэн болоод байна” хэмээн онцолсоны зэрэгцээ айлчлалын өмнөх өдөр энэхүү маркийн нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт ой болон томоохон айлчлалуудын өмнө “Монгол шуудан” ХК тусгайлсан марк гаргаж ирсэн уламжлалын дагуу уг маркийг бүтээсэн болохыг хэллээ.
Үүний дараа тус маркийг нээсэнтэй холбогдуулж Кардинал Луис Антонио Тагле хүрэлцэн ирсэн зочидтой сэтгэгдлээсээ хуваалцав. Тэрбээр Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалд зориулан гаргасан маркийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, түүний бага залуу насанд захидал бол ах дүү, найз нөхөдтэйгээ холбоо тогтоох арга хэрэгсэл байсан. Ингэхдээ тэрхүү захидлын дугтуйн дээр марк нааж албажуулдаг байсныг дурсан санаж байна гээд захидлын харилцаа нь урлагийн шинж чанартай, хэзээ арилахгүй холбооны хэрэгсэл юм. Захидлын харилцаа нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээв.
“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлчлалыг угтаж өнөөдөр шинэ маркийн нээлтийг хийж байна. Уг маркийг бүтээхэд Монгол дахь Ватиканы Католик шашны төлөөлөгчийн газрын хамт олон зураг материал, зөвлөгөө өгч хамтран ажилласан. Манай хоёр орны шуудан харилцааны түүх олон жилийн өмнөөс эхтэй. Энэ ч утгаараа бичиг соёлын солилцоо бэхжиж ирсэн байдаг. Манай компани 1992 оноос хойш папуудад зориулсан маркийг гаргаж ирсэн. Шинэ маркны хувьд тав дахь удаагийн марк болж, гүйлгээнд орж ирж байна" гэв.
“Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт маркийг 22,500 ширхэг хэвлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ