БШУЯ: Багшаар элсэх босго оноог 500 болгож, голчоос хамааран тэтгэлэг олгох эсэхийг шийднэ
Шинэ хуультай шинэ хичээлийн жил
УИХ-аас Боловсролын багц хуулийг долдугаар сарын 7-ны өдөр баталсан билээ. Үүнтэй холбогдуулан шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж буйгаа Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тайлбарлав.
Энэ хичээлийн жил дүүрэг бүр дээр үзэл баримтлалдаа тулгуурласан хоёр хүртэлх ахлах сургуулийг байгуулна. Энэ хүрээнд дээд боловсролын сургуулиудыг нэгтгэх, заримыг нь татан буулгах, өөрчлөн зохион байгуулах юм.
-
Бүх шатны сургууль чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилттэй болно.
-
ЕБС-д Eduten, pearson зэрэг томоохон платформыг нэвтрүүлнэ.
-
Хүүхдийн хөгжил хамгаалал, суралцах эрхтэй холбооотой асуудлыг анхаарна. Энэ хүрээнд дотуур байрны орчин нөхцөл, номын сангийн үйлчилгээг сайжруулна.
-
"Мэдлээ" цахим сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлж, 11 дүгээр ангийн сонгон судлах хичээлийг Мэдлээ сургууль дээр зохион байгуулахаар бүртгэл эхэлсэн. Мэдлээ цахим сургуулийн хүүхдийн тоо 30 мянгад хүрэх төлөвтэй байна.
Тэрээр "Хичээлийн жилийн эхлэх дуусах хугацааг хуулиар тогтоож өгсөн. Онцгой нөхцөл байдлаас бусад үед хичээл эхлэх дуусах хугацааг дураар өөрчлөх боломжгүй болсон. Хичээллэх хоногийн тоо 170-185 болсон. Иймд дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталлаа. Бүх нийтээр амрах өдрийг сургууль өөрөө бие даан өөрийн удирдлагаар зохион байгуулж, хүүхдийн хөгжилд цаг зарцуулах боломжтой. Энэ жил 781 мянган хүүхэд ЕБС-д суралцана" гэлээ.
Гурван ээлжээр хичээллэх 47 сургууль байгааг ингэж шийднэ
Нийслэлд 47 сургуулийн 33 мянга гаруй сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа тул богино хугацааны арга хэмжээ авна гэв. Тодруулбал, энэ ондоо багтаад 21 сургуулийн барилгыг эрчимжүүлж ашиглалтад хүлээж авбал 6000 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэхгүй байх боломжтой аж.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Энэ 21 сургуулиас 6-д нь улсын комисс ажиллаж хүлээж авахаар болсон байна. Мөн 27 сургууль дээр 28 сургалтын зориулалтаар ажиллаж болохуйц түрээсийн байрыг урьдчилан судалж, гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд 17 мянга гаруй хүүхэд хичээллэнэ. 12 сургууль дээр 7.4 тэрбум төгрөгөөр засвар хийж байна. Өөрөөр хэлбэл, сургууль дотоод нөөц бололцоогоо ашиглан анги танхимыг хуваах, нийлүүлэх, нийтийн эзэмшлийн талбайг анги танхим болгон тохижуулж байна. Ингэснээр 7 мянга гаруй хүүхэд суралцах боломжтой. Одоогоор 10 сургуулиас бусад сургуулийн бэлтгэл ажил хангагдсан байна" гэлээ.
Их, дээд сургуулийн эрэмбийг есдүгээр сард зарлана
Боловсролын багц хууль батлагдсантай холбогдуулан их, дээд сургуульд гарч буй өөрчлөлтийг БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир танилцуулав.
-
Төрийн өмчийн их сургуулийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулж авна. Өөрөөр хэлбэл, улс төрийн томилгоо хийдэг байсныг болиулсан.
-
Дээд боловсрол нь их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна. Манай улсад 30 дээд сургууль байгааг шинэчлэн дээрх гурван ангилалд оруулна.
-
Нийт 88 дээд сургуультай байснаас 27 дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жил цуцалсан. Өнөөдрийн байдлаар 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тусгай зөвшөөрлийг цуцалсан их, дээд сургуулиудыг хянан шалгана.
-
Олон улсын эрэмбэ тогтоодог байгууллагатай хамтран 65 сургуулиа эрэмбэлнэ. Есдүгээр сард энэхүү эрэмбийг зарлана.
-
Аймгийн төв дээр байгаа зарим МСҮТ-ийг нийлүүлнэ. Тухайлбал, Дорнодын хоёр МСҮТ-ийг, Эрдэнэтийн хоёр МСҮТ-ийг нийлүүлсэн, Дарханы гурван МСҮТ-ийг цогцолбор болгон нийлүүллээ. Сэлэнгэд байгаа МСҮТ-ийг нийлүүлж, ХААИС-ийн харьяа болгосон. Булганд байгаа хоёр МСҮТ-ийг нийлүүлж, ХААИС-ийн харьяа болгосон. Мөн Өмнөговьд байсан МСҮТ-ийг ШУТИС-ийн харьяа болголоо.
Энэ талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "Төрийн өмчийн бүх их, дээд сургууль харьяа ахлах сургуультай болно. Цаашид төрийн өмчийн их сургуулийг шаталсан тогтолцоотой, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор байдлаар хөгжүүлнэ" гэлээ.
Төрийн болон хувийн өмчийн их сургуульд багшаар элсэхэд адилхан босго оноо шаардана
Ерөнхий сайд багш бэлтгэх сургалтыг төрөөс даах талаар зарласан билээ. Тэгвэл багшийн сургалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил хэмжээгээр тогтооно гэж хуульчилжээ.
Энэ талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "Хуучин төрийн өмчийн сургуулиуд өндөр босготой, хувийн өмчийн сургууль бага босготой байсан юм. Босго оноог тогтоохдоо өмнөх түвшингээс бууруулахгүй байх заалт орсон. Одоо багшаар элсэхэд 480 оноо байсан бол цаашид шинэчлэн тогтоохдоо үүнийг ахиулна гэсэн үг юм. Үүнтэй холбогдуулан багш боловсролын шинэчлэл гэдэг гурван тулгуурт бодлогыг гаргаад явж байна. Багш бэлтгэх тогтолцоо нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, нийгмийн баталгаа цалингийн асуудал, үнэлэмж нэр хүндийн асуудал гэсэн гурван тулгууртай болж байна.
40 гаруй сургууль 400 гаруй хөтөлбөрөөр багш бэлддэг байсныг хумьсан. Багш, цэрэг, цагдаа, анагаахын чиглэлийн хөтөлбөрт төрийн зохицуулалт шаардлагатай. Цаашид багшаар элсэх босго оноог 500+ болгоно. Ингэж байж чанартай сурагчидад тэтгэлэг олгоно. Сургалтын төлбөрийг тэтгэлгээр олгож байгаа тохиолдолд сурлагын амжилт, голч дүнгээс хамааран үргэлжлүүлж олгох эсэхийг шийднэ. Мөн төгсөөд багшлах нөхцөлтэй байх ёстой. Иймд суралцах гэрээнд нь багшаар ажиллах талаар тусгана" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ