Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр Д.Баасандамбыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар бригадын генерал Д.Баасандамбыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томиллоо.
Д.Баасандамбын намтар:
Бригадын генерал Д.Баасандамба 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургууль, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээр төгссөн.
Цэргийн ухааны доктор. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
2009 онд Малайз Улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад Улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд ХБНГУ-д НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон Далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд мэргэжил дээшлүүлсэн.
- 1997-2003 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор,
- 2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,
- 2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал,
- 2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал,
- 2020 оны 07 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2020 оны 10 дугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга,
- 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ