Т.Ням-Очир: Нэгдүгээр ангид элсэх цахим бүртгэлээ хийлгэж амжаагүй бол тухайн сургууль дээрээ биечлэн очихыг зөвлөе

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр нэгдүгээр ангийн элсэлтийн талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг хэлсэн юм. 

Тэрбээр "Улсын бүртгэлийн нэгдсэн системээс зургаан настай хүүхдүүдийн мэдээллийг авч, боловсролын салбарын системээр дамжуулан тодорхой сургуулиудад хуваарилж байгаа.

Түүнчлэн хамран сургах тойргийнхоо сургуулиудад суралцах сурагчдын баталгаажуулалтыг шууд хийж байна.

Наймдугаар сарын 25-ны байдлаар нэгдсэн систем хаагдахад орон нутгийн иргэдийн 50 хувь нь хамран сургах тойргийн сургуульд элсэх хүсэлтээ илгээсэн. Нийслэлийн иргэдийн 51.4 хувь нь баталгаажуулалтаа хийсэн. 

Сургуулийн бүртгэлээ баталгаажуулж амжаагүй иргэд тухайн сургууль дээрээ биечлэн очиж, бүртгэлээ эцэслэх чиглэл, зөвлөмжийг өгч байгаа. 

Хаягийн бүртгэл шилжилт хөдөлгөөн, иргэдийн хариуцлагатай холбоотой асар их асуудал гарч байна. Одоог хүртэл хаягийн бүртгэлээ хийгээгүй, шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулаагүй зэрэг асуудал бий. 

Түүнчлэн бидний уламжлалт хандлагатай холбоотой зүйлс ч байна.

Тодруулбал тойргийн бус гэдгийг нь мэдсээр байж заавал танил тал болон бусад зүйлээр нөлөөлж, хүүхдээ сургуульд элсүүлэх гэсэн оролдлогууд их байгаа юм. Энэ нь сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад ачаалал дарамт бий болгож буй. Үүнд АТГ, БШУЯ хамтарсан хяналт шалгалтуудыг хийж байгаа.

Энэ жил зарим эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ сургуульд элсүүлэхдээ 

  • хаягаа хуурамчаар шилжүүлэх 
  • зориудаар хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэрэг үйлдэл гаргаж байна. 

Эдгээр иргэний гэрт нь очиж асуудлыг тодруулах, баримт бичгийг нягтлах ажлыг хийж байгаа.

Тойргийн бус сургуулийн удирдлагуудад дарамт шахалт үзүүлэхгүй байх талаас нь анхаарах нь чухал. Нэгдүгээр ангийн бүртгэл, элсэлт хяналт шалгалттай явагдана" гэдгийг ярилаа. 

Ташрамд дурдахад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ