“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ БНСУ-ЫН ЭКСИМ БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган өнөөдөр /2023.08.30/ “Солонго 1, 2” төслийг санхүүжүүлэгч БНСУ-ын Эксим банкны төлөөлөл болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтад “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган, БНСУ-ын Экспорт-Импортын банкны Монгол дахь суурин төлөөлөгч Парк Гван-Үн, БХБЯ-ны Орон сууц, санхүүжилтийн тогтолцоо хариуцсан Ахлах шинжээч Г.Чинсанаа, Байгаль орчны судалгааны ажлыг гүйцэтгэж буй “Грийн Солюшн Консалтинг” ХХК-ийн захирал Б.Тунсаг болон БХБЯ, БНСУ-ын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтаар төслийн талбайн байгаль орчны нөлөөллийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгааны батлагдсан тайланг БНСУ-ын Экспорт-Импортын банканд хүргүүлж ажиллахаар шийдвэрлэв.

Дашрамд дурдахад, Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн хооронд орлогод нийцсэн “Солонго-1 орон сууцны хороолол” барих төслийн гэрээг энэ сарын 28-нд байгуулсан бөгөөд гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зурсан юм. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2” орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ албажсанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд байрлах 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хороолол барих ажлын гараа эхлэх нөхцөл бүрдээд байгаа юм.

Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барьж байгуулах билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ