АИ-92 автобензиний 24 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд есдүгээр сарын 7-ны байдлаар шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг Аи-92 автобензиний 24, Аи-80 автобензиний 40, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр ОПЕК гарцаа нэмсэн учраас шатахууны үнэ өсөхгүй, цаашид тогтвортой байх талаар мэдээлсэн билээ.

Манай улсын иргэд нэг сард 30 мянган тонн Аи-92 шатахуун хэрэглэдэг байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 269.4 мянган тонн Аи-92 автобензин импортолсноос дийлэнхийг нь буюу 97 орчим хувийг ОХУ-аас авчээ. Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өссөн байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил нефть болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2 дахин өссөн бол ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджаар 2.9 хувиар өсч, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгджээ.

ОХУ Аи-95 бензиний үнийн хямд байдлаар Европын 32 орноос хоёрдугаарт, хүн амын дундах түлшний хүрэлцээний байдлаар 16 дугаар жагссан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ