Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 02 сарын 04, Бямба
Хятадад ковидын тархалт оргил түвшинд хүрч, дэлхийн хэмжээнд дахин нийлүүлэлт тасалдах эрсдэл үүслээ

Хятадад ковидын тархалт оргил түвшинд хүрч, дэлхийн хэмжээнд дахин нийлүүлэлт тасалдах эрсдэл үүслээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-16 23:20:58
БНХАУ-д "Ковид-19"-ийн халдвар огцом нэмэгдэж, өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо 2020 оны хоёрдугаар сараас хойших оргил түвшинд хүрчээ.   Тухайлбал, Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын тоо баримтад дурдсанаар сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Эх газрын Хятадын хэмжээнд 31 мужид ковидын 5708 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн байна.    Одоогоор Омикрон хувилбарын тархалтад хамгийн ихээр нэрвэгдээд байгаа Жилин мужийн нийслэл Чанчунь хотод хөл хорио тогтоож, цар тахлын тархалтын эсрэг хариу арга хэмжээг хангалтгүй хэрэгжүүлсэн мужийн удирдлагуудыг ажлаас чөлөөлж, хариуцлага тооцжээ.    Мөн Хонконгтой хил залгаа Хятадын томоохон далайн боомт хот болох Шеньжинь хотод ням гаригт бүрэн хөл хорио тогтоож, даваа гаригт масс оношилгоог эхлүүлж, орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцсон байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр одоогоор Шеньжиний боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч ковидын хязгаарлалтын улмаас хэд хэдэн компанийн агуулахын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд зогсоогоод байгаа аж.    Хамгийн гол нь, Хятадын эдийн засаг, технологи, далайн боомтууд төвлөрдөг Бээжин, Шанхай, Шеньжинь, Тяньжинь, Чиндао зэрэг хотуудад халдварын голомт үүсээд байгаа юм. Улмаар Бээжингийн эрх баригчид “Ковидыг үл тэвчих бодлого”-ын хүрээнд халдварын голомт бүхий томоохон хотуудад хязгаарлалтын арга хэмжээг нэмэгдүүлсэн.    Ингэснээр Хятадын томоохон боомт хотуудад хатуу хязгаарлалт тогтоосноор дэлхийн хэмжээнд дахин нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл бий болоод байгаа юм. Жишээ нь, даваа гаригийн байдлаар “Apple”, “Toyota”, “Volkswagen” зэрэг дэлхийн томоохон компаниудын БНХАУ дахь үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зогсоод байна. Мөн Хятадын зарим тээврийн компаниуд ковидын хязгаарлалтын улмаас үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаанд зогсоох болсноо мэдэгджээ.    Эдийн засагчид цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтийн инфляцын өсөлт, Орос-Украины дайнаас улбаатай эрчим хүчний үнийн өсөлт дээр Хятадын ковидыг үл тэвчих бодлогоос улбаатай нийлүүлэлтийн тасалдал нь дэлхийн эдийн засгийг ноцтой уналтад хүргэж болзошгүйг анхааруулж байгаа юм.    Тэгвэл Бээжингийн их сургуулийн амьсгалын замын халдварт өвчин судлаач, доктор Ван Гуанфа “Хэрэв хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ үр дүнд хүрсэн тохиолдолд нэг долоо хоногийн дотор халдварын тархалтыг хяналтдаа оруулж, хоёр долоо хоногийн дотор өвчлөл буурч, дөрвөн долоо хоногийн дараа гэхэд тархалтыг бүрэн таслан зогсоох боломжтой” гэх байр суурь илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-16 23:20:58

Сэтгэгдэл бичих