18 настай хөрөнгө оруулагчийн чухал таван зөвлөгөө
Монголын хамгийн залуу хөрөнгө оруулагч буюу 18 настай хөрөнгийн зах зээлийн .тоглогч Ү.Батмагнай та бүхэнд дараах таван зөвлөгөөг хүргэж байна.
Нэгдүгээрт Хүмүүсийн боддог шиг амар аргаар мөнгө олчихдог бол “мөнгө” гэдэг утгагүй зүйл болж, хэн ч хөдөлмөрлөх шаардлагагүй болно. Зарим санхүүгийн зөвлөхүүд маш их ашиг амладаг. Хэдхэн хоногийн дотор банкны жилийн хадгаламжтай тэнцүү хэмжээний өгөөж амлах тохиолдол ч бий. Ингэх нь хэзээ ч эрүүл бизнес байдаггүй. Луйврын сүлжээ, залилан эсвэл өндөр эрсдэлтэй компанийн хувьцаа байдаг болохоор их мөнгө амлахад шууд итгэж болохгүй.
Хоёрдугаарт. Эхлээд хүмүүс алдартай хөрөнгө оруулагч болж, тэрбум төгрөгний ашиг олно гэж төсөөлж хувьцааны зах зээлд орж ирдэг. Эдгээр хүмүүст хандаж хэлэхэд алдагдалгүй хөрөнгө оруулагч болж сурах нь хамгийн чухал зарчим шүү.
Гуравдугаарт. Хөрөнгө оруулалт хийх нь таньд зөвхөн мөнгө авчирдаг юм биш. Маш их мэдлэг, мэдээлэл, туршлага өгдөг гэдгийг битгий мартаарай.
Дөрөвдүгээрт. Мөнгө үргэлж хоёр номерт! Та мөнгийг муухай, хэрэггүй зүйл гэж бодоод, зүхээд байвал танд мөнгө олдохгүй. Гэхдээ хэзээ ч “мөнгө” эцсийн мөрөөдөл тань байж болохгүй. Харин таны хүсэл мөрөөдөлдөө хүрэх хамгийн чухал хөшүүрэг байх хэрэгтэй.
Тавдугаарт. Хөрөнгө оруулагч гэдэг нь зарчимтай зөв дадалтай хүнийг хэлнэ. Хүн болгон амархан хөрөнгө оруулагч болчихно гэж байхгүй. Эхний ээлжинд та хуримтлал үүсгэх ёстой. Энэ бол энгийн зарчмуудын нэг. Зарим хүмүүс худалдан авсан хувьцаа нь их хувиар өсөлт үзүүлсэн ч дахин ашиг хийнэ хэмээн хүлээсээр байдаг. Харин зарчимтай хөрөнгө оруулагч нар анх хөрөнгө оруулалт хийх бүртээ маш сайн төлөвлөдөг. Тэд 40 хувийн ашигаа олж чадсан бол шууд гардаг. Нөгөө талд ч мөн адил таны худалдан авсан хувьцааны үнэ их хувиар уналт үзүүлж болно. Тэр үед ихэнх хүмүүс удахгүй өсөлт үзүүлнэ гэж тооцоод илүү их мөнгө алддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ