“iPhone” ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээ буурч эхэлжээ
“Apple” корпорацийн гүйцэтгэх захирал Тим Кук хөрөнгө оруулагчдад хандсан нээлттэй захидалдаа “iPhone” ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээ АНУ, Хятадын худалдааны дайнаас үүдэн буурч эхэлсэн тухай мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
“iPhone” ухаалаг гар утасны борлуулалт Хятадад хамгийн ихээр буурах болжээ. Үүнээс шалтгаалан “Apple” корпорацийн 2018 оны сүүлийн улирлын хүлээгдэж буй орлого 93 тэрбум ам.доллараас 84 тэрбум ам.доллар хүртэл агших төлөвтэй.
Тим Кук өмнө нь “CNBC” телевизэд ярилцлага өгөхдөө, Хятад, АНУ-ын худалдаанд хурцадмал байдал үүссэн нь хоёр орны бизнесийн олон салбарт сөргөөр нөлөөлж эхэлсэн гэж байсан юм.
Гэхдээ АНУ, Хятадын удирдагчид өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Аргентинд болсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр худалдааны дайныг зогсоон зөрчилтэй асуудлуудаа хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэхээр тохиролцсоныг энд тэмдэглэх хэрэгтэй.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ