Хоёр ч банкны "хойдохыг уншсан" З.Нарантуяад Хөгжлийн банк ахадна
Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Л.Гантөмөр ажиллаж байгаа учир түүний харьяан дахь Хөгжлийн банкны захирлаар Ардчилсан намын хүн томилогдох болов уу гэх таамаг нийгэмд байна. Энэ "боломж"-ийг доторлосон тус намын зарим "нөхөд ч" хөдөлгөөнд ороод эхэлсэн бөгөөд тэдгээрийн манлайд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "цохиж явна".
УИХ-ын сонгуулийн үеэр жагсаалтад багтаасангүй хэмээн "агсарч", намаасаа гарахаа мэдэгдэн, "цамнаж" байсан тэрбээр өдгөө өөр араншин харуулж, намдаа чухам л хайр зарлаж яваа сурагтай. Түүгээр ч зогсохгүй "Ус үзээгүй байж хормой шууна" гэгчийн үлгэрээр "Хөгжлийн банкыг удирдаж, хөл дээр нь босгох дайны чадамж гагц З.Нарантуяад л бий юм аа" гэх агуулгатай мэдээ, нийтлэлүүдийг хэвлэлүүдээр нэвт тарааж, өөрийгөө "гялтайлгаад" байгаа нь хачирхалтай. Хөгжлийн банкны захирлын нэр албан ёсоор тодорхой болоогүй атал л "Хөгжлийн банкыг З.Нарантуяа удирдах нь" гэх гарчигтай бичвэрүүд аль эртнээс сэвэгдээд эхэлж, мөн чиг хоржоонтой.
Уг нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Хадгаламж, Монгол шуудан зэрэг хоёр ч банкыг удирдаад дампуурал руу хөтөлсөн "бараан" намтартай нэгэн гэгддэг. Чухамдаа банкируудын чадварыг үнэлэх гол шалгуур нь удирдсан банкуудаа хэр зэрэгт хөгжүүлж, мандуулж, өөд нь татсанд оршдог гэдэг. Гэтэл З.Нарантуяа энэ тал дээр нойл бүр "хасах" заалттай.
Гэтэл улс, эх орны хөгжилд чухал нөлөөтэй, сүүлийн үед асуудал, завхралд булагдаад нар үзэхээ байсан Хөгжлийн банкыг АН-ынхан тийм "үл бүтэх" хүнээр удирдуулах шуум тараад, магад удирдуулах гээд байгаа нь зүйд нийцэмгүй. З.Нарантуяагаас илүү мэдлэг чадвартай, шилдэг боловсон хүчнүүд тус намд үгүй мэт л.
Ямартай ч УИХ-ын гишүү н асан З.Нарантуяа ээлжит сенсациа энэ мэтээр тарьсаар л явна. Чадал хүрэх газар луугаа сарвайж, чадах юмаараа өөрийгөө дөвийлгөсөн нь өлзийтэй биз ээ. Бусдаар бол шог шүү дээ. Албан тушаалын хэнээ гэж, хэцүү ч юм аа даа...
Д.Сүрэн
Эх сурвалж : Sanuulga.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД