Гадаадын иргэн, харьяатын газар бүх ангиллын визийг цахимаар олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 2021 оноос эхлэн 30 хүртэл хоногийн аялал жуулчлал (К2), спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох (К4), дамжин өнгөрөх (К6), ажиллангаа амрах гадаадын иргэн-Австрали (k7) гэсэн дөрвөн ангиллын визийг 99 орны иргэнд цахимаар олгож байсан. 

Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулж, цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлсэн. Үүний дагуу Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэн, Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын уригчтай визийг цахим хэлбэрээр олгож эхэллээ.

Уг 54 ангиллын визийг визийн зөвшөөрлийн адил зөвхөн уригчийн хүсэлтийг үндэслэж олгох бөгөөд гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдэж байна.

Виз мэдүүлэхдээ уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдаж буй гадаадын иргэний визийн хураамжийг урьдчилан төлөх ба хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд цахим хэлбэрийн виз олгогдож, уригчийн бүртгэлтэй шууданд зөвшөөрөгдсөн мэдэгдэл очих юм. Хэрэв уригч нь визийн хураамжийг урьдчилан төлөх шаардлагагүй тохиолдолд визийн зөвшөөрөл мэдүүлж, уг визийн зөвшөөрлийн дагуу Элчин сайдын яам, Консулын газар эсвэл хилийн боомт дээрээс визээ авах боломжтой.

Ийнхүү визийг цахим хэлбэрээр олгосноор ЭСЯ, Консулын газарт очих цаг хугацаа, зардлаа хэмнэхээс гадна хамгийн хурдан хугацаанд виз мэдүүлэх боломжтойгоороо онцлог юм.

2021 оноос хойш цахим визийн системээр нийт 110 мянга гаруй гадаадын иргэнд цахим виз олгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ