Г.Хишигбат, М.Буяндэлгэр, Г.Жамбалдорж нараас допинг илэрч, улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогджээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага(МОНАДА) Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч долдугаар сарын 13-нд Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох ХБНГУ-ын Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн байна.

Допингийн шинжилгээнд хамрагдсан 28 бөхийн шинжилгээний хариу (хэвийн илэрцтэй) долдугаар сарын 16-ны өдөр, гурван бөхийн шинжилгээний хариу долдугаар сарын 18-ны өдөр, нэг бөхийн шинжилгээний хариуг долдугаар сарын 22-ны өдөр МОНАДА болон Үндэсний бөхийн салбар хорооны цахим шуудангаар хүлээн авчээ.

Долдугаар сарын 18, 22-нд ирсэн шинжилгээний хариугаар аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн.

Харин улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу иржээ.

Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна.

Харин жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар үр дүнгийн удирдлагын багаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтээс нэмэлт тодруулга хүссэн.

Улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нартай Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх баг олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: Хууль зүй, Дотоод Хэргийн Яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ