Гадаадад суугаа 13 мянган хүн сонгуульд оролцохоор бүртгүүлснээс 73 хувь нь саналаа өгчээ

Гадаад улсад оршин сууж буй 20-39 насны иргэд сонгуульд хамгийн идэвхтэй оролцсон байна.

Гадаад улсад оршин сууж буй монголчууд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд саналаа өгөх үйл ажиллагаа дууслаа. Энэ удаагийн сонгуульд гадаадад суугаа 13 мянга 95 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 9579 хүн буюу 73.2 хувь нь саналаа өгснийг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэв.

Гадаадад саналаа өгсөн сонгогчдын ирцийг хангалттай гэж үзэж байгаа бөгөөд санал авах өдрийг ажлын хоёр, амралтын хоёр нийт дөрвөн өдөр зохион байгуулсан нь иргэдийг саналаа өгөхөд түлхэц болсон гэж үзэж байна. Мөн сонгогчдын бүртгэлийг цахим болгосон нь эергээр нөлөөлсөн гэж Сонгуулийн Ерөнхий хороо тодотголоо.

БНСУ-ын Сөүл дэх салбар комисст л гэхэд сонгуулийн саналаа өгөхөөр 2656 иргэн бүртгүүлснээс 1845 хүн саналаа өгч, сонгогчдын ирц 69.47 хувь хүрчээ. Гадаадад суугаа монголчуудаас хамгийн олон буюу 2983 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн БНСУ-д 18-19 насны 101 иргэн, 20-29 насны 747 иргэн, 30-39 насны 395 иргэн,  харин 70-аас дээш насны зургаан иргэн саналаа өгсөн байна.

Кувейт улсад оршин сууж буй иргэд 100 хувь саналаа өгсөн бол Бүгд Найрамдах Узбекстан улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улс, Бүгд Найрамдах Киргиз улс, Арабын Нэгдсэн Эмират улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Сингапур улсад оршин сууж буй иргэдийн ирц 90 гаруй хувьтай байжээ.

Сонгогчдын насны хувьд 20-39 насны иргэд сонгуульд хамгийн идэвхтэй оролцсон байна. Харин хүйсийн хувьд тэнцвэртэй байдал хангагджээ. Тухайлбал: бүртгүүлсэн нийт эрэгтэй сонгогчдын 72 хувь, эмэгтэй сонгогчдын 73.9 хувь нь саналаа өгсөн байна.

34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисс санал авах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд нэгдсэн дүнг зургаадугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд гаргана. Саналын хуудсыг иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгснийг дипломат шуудангаар авч ирж, Төрийн хамгаалалтад байлгаж байгаад 28-ны өдөр тоолох юм байна.

Гадаад улсад ажиллаж, амьдарч буй сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх замаар сонголтоо хийсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ