Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
“Covid-19”-н нөхцөл байдал дэлхий дахинд

“Covid-19”-н нөхцөл байдал дэлхий дахинд

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-05-05 12:54:19

ЛОНДОН. /BBC/. Энэтхэгт олон сая хүн халдвар аваад буй хэдий ч шинээр хязгаарлалт тогтоох гэж яаравчлахгүй байгаа бол Европын Холбоо жуулчдад зориулж хязгаарлалтаа зөөлрүүлэх төлөвтэй байна. Дэлхий дахины цар тахлын нөхцөл байдалтай холбоотой эдгээр болон бусад мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.


Коронавирусний цар тахал дэлхий даяар 3.2 сая гаруй хүний амийг авч оджээ. Халдварт өвчний улмаас АНУ хамгийн их хохирол амссан хэвээр байна. Тус улсад нас барсан тохиолдлын тоо 592 мянгад дөхөж байгаа бол араас нь Бразил жагсжээ. Тус улсад халдварын улмаас 411 мянга гаруй хүн нас барсан байна. 


Энэтхэгийн нөхцөл байдлыг харгалзан авч үзвэл энэ статистик үзүүлэлт удахгүй өөрчлөгдөж магадгүй байгааг шинжээчид цохон дурджээ.


Үүний зэрэгцээ Европын Холбоо аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөөг судалж, вакцин хийлгэсэн эсвэл коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийн ЕХ-ны орнууд руу нэвтрэх эрхийг нь хязгаарласнаа сулруулахыг зорьж байна.


Энэтхэгт 335 мянган шинэ тохиолдол илэрчээ

Коронавирусээр халдварласан тохиолдол 20 сая даваад буй Энэтхэгт улс даяар хөл хорио тогтоохыг сөрөг хүчин нь эрх баригчдаас шаарджээ. Гэсэн ч Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди шинээр хязгаарлалт тогтоохыг эдийн засагт хор хөнөөлтэй хэмээн болгоомжилж, эсэргүүцжээ.


Өнгөрсөн онд хөл хорио тогтоох тухай зарлах үед нь Нарендра Модиг эрс шүүмжилжээ. Хөл хорио тогтоосноор олон зуун мянган цагаач ажилтан нутаг буцахаар хэдэн зуун км замыг явган туулахаас өөр аргагүйд хүрч, нийгмийн хямрал дагуулсан байна.


Хязгаарлалт тогтоох тухай шийдвэрийг мужийн эрх баригчид бие дааж гаргадаг ч хязгаарлалтыг эцсээ барсан үедээ л авах хэрэгтэй гэдгийг Н.Моди тодорхой хэлжээ.


Гэсэн хэдий ч олон муж янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Дели болон Мумбайд ч мөн хязгаарлалт тогтоогоод байгаа аж.  


Аюулгүй байдлын дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс гадна улсын баяр наадам, сонгуультай холбоотойгоор ужгирсан цар тахлын хоёр дахь давлагааны улмаас олон эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа аж. Түүнчлэн оношилгоо, шинжилгээ, эмчилгээтэй холбоотой асуудлууд, эмнэлгийн ор, эмийн бүтээгдэхүүн, хүчилтөрөгчийн хүрэлцээгүй байдал нь нас баралтын тохиолдол огцом өсөхөд нөлөөлжээ.


Халдварын улмаас нас барсан 222 мянган тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн гэж Энэтхэгт мэдээлсэн ч нөхцөл байдлыг дутуу үнэлж байна гэж шинжээчид үзэж байна. 



Непал тусламж хүсжээ

Халдварын тохиолдол нэмэгдээд буй энэ үед иргэдэд вакцины хоёр дахь тунг хийхэд шаардагдах дор хаяж 1.6 сая тун “AstraZeneca”-гийн вакцинаар хангахыг Непалын эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгээс хүсжээ.


“Вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүс хугацаандаа багтаж хоёр дахь тунгаа хийлгэхгүй бол ноцтой асуудлууд үүсэж болзошгүй юм” хэмээн Непалын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.


"Энэтхэгт өрнөж буй үйл явдал бусад улсад давтагдаж болзошгүйг бид харж байна. Учир нь хэд хэдэн улсад вакцинжуулалтын хурд, аюултай хувилбарууд, халдварын тохиолдлын тоо өсөхтэй холбоотой ижил төстэй үзүүлэлтүүд ажиглагдаж байна” хэмээн Лондоны Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн ажилтан Адам Кучарский ярьжээ.


Энэ талаар тэрбээр ярихдаа халдварын тохиолдол нэмэгдсээр буй Непал болон Камбож, Фижи, Монгол зэрэг нэг жилийн хугацаанд коронавирусийг амжилттай тогтоон барьсан ч одоо халдварт өвчин дэгдэж, хөл хорио тогтоогоод буй улсуудыг жишээ татжээ.


Пёньян

Дэлхий үйлдвэрлэгчдийн гарган авсан вакцинууд нь бүхнийг анагаагч биш учир коронавирусний халдварт өвчинтэй хийх тэмцэл сунжирна гэдгийг БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мягмар гарагт анхааруулжээ.


Улс оронд нь халдварын ганц ч тохиолдол илрээгүй гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдээд байгаа билээ. Харин БНСУ-ын эрх баригчид Хойд Солонгост цар тахал дэгдсэн байж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй байна. Учир нь БНАСАУ өнгөрсөн онд хилээ хаахаасаа өмнө БНХАУ-тай тун нягт харилцаа холбоотой байсан юм.



ЕХ аялал жуулчлалыг сэргээхийг зорьж байна

ЕХ-ны орнууд руу амрахаар ирэх хүсэлтэй жуулчдад тавьсан хязгаарлалтыг сулруулах төлөвлөгөөг Европын Комисс мягмар гарагт хэлэлцэж эхэлжээ.


“Европын аялал жуулчлалын салбарыг сэргээх үе иржээ” хэмээн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен цохон тэмдэглэв.


Аялал жуулчлалын зорилгоор Европын орнуудыг зорихоосоо дор хаяж хоёр долоо хоногийн өмнө ЕХ-ноос зөвшөөрөгдсөн вакциныг хийлгэсэн иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрсөн төлөвлөгөөг судалж байгаа аж.


Одоогоор ЕХ “Pfizer-BioNTech”, “Moderna”, “Oxford-AstraZeneca”, “Janssen/Johnson & Johnson” гэсэн дөрвөн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.


Үүнээс гадна ДЭМБ ойрын долоо хоногуудад Хятадын “Sinopharm” болон “Sinovac” вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгож магадгүй байна.


Мөн ЕХ эцэг эхтэйгээ аялж буй вакцин хийлгээгүй хүүхдүүдийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол аялахыг зөвшөөрөх аж. Түүнчлэн 100 мянган хүн тутамд 100 тохиолдлоос хэтрээгүй байгаа улс орнуудаас тусгаарлалтын дүрэм журмыг дагаж мөрдөх, шинжилгээний хариу нь сөрөг байх нөхцөлтэйгээр жуулчид ЕХ-г зорих боломжтой гэв.


Ж.Байден: Юун түрүүнд иргэдээ вакцинжуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоодугаар сарын 4-ний өдөр гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувьд нь эхний тунг хийлгэж, 160 сая иргэнд хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байхыг зорьж байна.


Түүнчлэн 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлэхээ мэдэгджээ. Иргэдийн зарим нь вакцинд үл итгэх, эсэргүүцэх хандлага ажиглагдаад буй энэ үед тэрбээр ийнхүү шинэ зорилтыг өмнөө тавьсан байна. 


Үүнээс гадна вакциныг шударгаар хуваарилахыг Америк уриалж байна.


Дэлхийн банкны мэдээлснээр, бага орлоготой орнуудын 3-хан хувьтай харьцуулахад өндөр орлоготой улс орнуудын 82 хувь нь вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн байна. 


Хөгжингүй орнууд хүн амаа вакцинжуулах ёстой ч вакцин нэн шаардлагатай байгаа улс орнуудаа мартах ёсгүй гэж Мелинда Гейтс хэлжээ.


“Вакциныг хилийн чанад руу явуулахаасаа өмнө заавал бүх иргэнээ вакцинжуулах шаардлагагүй хэмээн тэрбээр “Financial Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.

montsame.mn
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-05-05 12:54:19

Сэтгэгдэл бичих