ДЭМБ: COVID-19 цар тахал хоёр жилийн дотор дуусна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Женев хотод өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн цар тахлыг хоёр жилийн дотор дуусах магадлалтай гэж хэлжээ.


1918 онд дэлхий даяар тархсан Испани ханиадны тахал хоёр жил үргэлжлээд өндөрлөж байсныг тэрээр жишээ болгон ярьсан байна. Гэхдээ орчин үеийн технологийн хөгжил цар тахлыг үүнээс ч богино хугацаанд дуусгах боломжтойг дурджээ. 


“Мэдээж илүү их хэлхээ холбоотой болсон өнөөдрийн дэлхий ертөнцөд вирус тархах боломж өндөр. Гэхдээ нөгөө талаас бидэнд үүнийг зогсоож чадах технологи, мэдлэг бас байгаа” гэж ярьсан доктор Гебрейесус тахлын үед дэлхий нийтээрээ нэгдмэл байхын ач холбогдлыг онцолсон байна.


1918 онд дэгдсэн ханиадны улмаас доод тал нь 50 сая хүн нас барж байжээ.

Харин коронавирусийн цар тахал өнөөдрийн байдлаар бараг 800,000 хүнийг үхүүлж, 22.7 сая хүнийг өвчлүүлээд байна.Үүнээс хамгийн их хохирсон нь АНУ болоод буй. Тус улсад баасан гарагт 1000 гаруй хүн Covid-19 өвчнөөр нас барж, нийт амиа алдсан хүний тоог 173,490 болгожээ.


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден ерөнхийлөгч Дональд Трампын цар тахлын эсрэг хийж буй тэмцлийг шүүмжилсэн юм.


“Манай одоогийн ерөнхийлөгч улс үндэстнийхээ өмнө хүлээсэн хамгийн гол үүргээ биелүүлж чадсангүй. Тэр биднийг хамгаалж чадсангүй. Тэр Америкийг хамгаалж чадсангүй” гэж Байден хэлээд хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол улс даяар амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлэхээ амласан байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ