Эцэг, эхийн харилцаа хүүхдийн зан чанарт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг

Эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын харилцаа, аливаад хандах хандлага нь хүүхдийн хөгжил, зан харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд аав, ээжийнхээ сэтгэл санаа болон аливаа асуудалд хэрхэн хандаж буй хандлагыг мэдэрч дуурайдаг тэднээсээ үлгэр жишээ авдаг.


Тэгэхээр хүүхэд өөдрөг байх уу, эсвэл гутрангуй нэгэн болох уу, үнэнч шударга уу, эсвэл аядуу тайван уу, эс бөгөөс адгуу бухимдуу нэгэн болох уу гэдэг нь хүүхдэд үзүүлж буй таны үлгэр дуурайл, гэр бүлийн хоорондын харилцаанаас хамааралтай.


ЮУГААР ҮЛГЭРЛЭХ ВЭ


Зан, чанар харилцаа: Аливаад үнэнчээр хандах, бусдыг хайрлах, хүнлэг энэрэнгүй байх, бусдад туслах, өөртөө итгэлтэй байх, ам ажил нь зөрөхгүй байх зэрэг зан чанар, харилцааны үнэт зүйлсийг хүүхэд өдөр тутам харж мэдэрч байвал тэд сайн хүн болон төлөвшинө. Мөн амьтан, ургамал, эд зүйлстэй та хэрхэн харьцаж байгаагаас хүүхэд тэдгээртэй яаж харьцах баримжаагаа олж авна. Хүүхдийн эерэг даган дуурайлтыг дэмжиж урамшуулж байвал тэдний зөв зан чанар, харилцаа батажна.


Сэтгэлийн хөдөлгөөн: Сэтгэлийн хөдөлгөөний эерэг үлгэр дуурайлыг хүүхэд хуулбарладаг, хэрэглэдэг. Үүнд аливаад аядуу, тайван хандах үлгэр дуурайл чухал байрыг эзэлнэ. Үүнээс хүүхэд стресс бүхий нөхцөлд өөрийн уур уцаарыг барьж зохистойгоор илэрхийлж сурна. Хэрэв эцэг эх зөрчлийг уужуу, тайвуу шийдэж чаддаг бол хүүхэд хожим зөрчлийг хүлээцтэй, ухаалгаар шийддэг болоход нөлөөлнө.


Хэвшил, дадал: Өдийд ийм л зүйл хийдэг дээ гэдгийг хүүхэд мэддэг, тэдгээр нь хэвшил дадал болсон байвал хүүхдэд итгэлтэй, найдвартай байдлыг бий болгохын зэрэгцээ бие даахад нь тустай. Жишээлбэл, хооллохын өмнө гараа угаах, унтахын өмнө шүдээ угаах, аливаа асуудал тохиолдох үед хоорондоо зөвшилцөх гэх мэт. Үүнд ээж, аав нарын үлгэр дуурайл тус дэм болно. Ухаалаг, хайр, баяр баясгалантай гэмээр сайхан үлгэр дуурайлтай гэр бүлд өсөж бойжсон хүүхэд сайн хүн болдог.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ