Монголын даамчид шилдэг дөрөвт шалгарлаа

Бүтэн сар хагасын турш үргэлжилж буй FMJD-ийн "Үндэстнүүдийн цом" тэмцээн өндөрлөх шатанд орлоо. Энэхүү онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг гараанаас эхлэн өрсөлдсөн бөгөөд манай эмэгтэй тамирчид (дундаж нас нь 18) шөвгийн дөрөвт шалгараад байна. Тэд тэмцээний эхний шатанд Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан юм.


Улмаар хасагдах шатанд ОУИМ Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхсэн. Ийнхүү хагас шигшээд дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова болон өсвөр залуучуудын ДАШТ-ий медальт шилдэг тамирчдаас бүрдсэн ОХУ-ын багтай оноолт таарлаа.


Энэ сарын 10, 11-ний 22:00 цагаас явагдах энэ тулааны ялагч нь аваргын төлөө өрсөлдөх юм. 





СЭТГЭГДЭЛ БИЧИХ