Үнэт металлын хэмжүүр болох “Тройн унци” гэж юу вэ?

Тройн унци”(тройная унция) гэдэг нь ХV зуунд Англид бий болсон массын хэмжүүрийн нэгж юм. Өнөөдөр энэ нэгжийг голдуу банкирууд болон үнэт эдлэлийн дархчууд хэрэглэдэг.

 

“Тройн унци” нь юутай тэнцдэг, түүнийг хэрхэн тэмдэглэдэг вэ?


“Тройн унци” нь ойролцоогоор 31,1 граммтай тэнцэнэ. Яг нарийвчилвал – 31,1034768 грамм юм. Тройн унцийн албан ёсны тэмдэглэгээ нь oz t гэж байдаг. Биржийн ханш тогтооход түүний Х гэсэн тэмдэглэлийг хэрэглэдэг бөгөөд унци алтных - XAU, унци мөнгөнийх – XAG, унци цагаан алтных – XPT, унци палладынх- XPD гэсэн тэмдэгтэй  байдаг.

 

Хэмжүүрийн нэгжийн нэр хаанаас гаралтай вэ?

 

Тройн унци гэдэг нэр нь бүр IX зуунаас олон улсын худалдааны төв гэдгээрээ алдартай Францын Трой (Troy) гэдэг хотын нэрнээс гаралтай болов уу хэмээн таамагладаг. Тэр үед дэлхийн худалдааны нэн чухал төвүүдийн нэг байсан Трой хотод олон орны худалдаачдын хооронд бараа солилцоог хялбарчлахын тулд хэмжүүрийн стандартын систем нэвтрүүлжээ.


Ийнхүү хийхэд нь тройн фунт мөнгө орсон францын ливрийг (францын мөнгөний нэгж) жингийн стандартчилсан хэмжүүрийн үндэс болгосон байна. Удалгүй Франц язгууртай Английн ван хоёрдугаар Генрихийн тушаалаар хэмжүүрийн тройн нэгж болох гран, унци, фунт гэсэн нэгжийг Англид хэрэглэх болжээ.

 

Эдгээр хэмжүүрийг үр тариа жигнэхэд бас хэрэглэж байсан аж. Үүнээс гадна тэр үед эмийн сангийнхан эмийн жинг тодорхойлохын тулд тройн унцийг хэрэглэж байжээ. Өмнө нь хэрэглэж байсан хэмжүүрийн Трой систем нь өнөөдөр хуучирч, үнэт металлын жин хэмжих стандартын хувиар тройн унцийг банкны болон гоёл чимэглэлийн ажил хэрэгт  идэвхитэй хэрэглэж байгаа юм.

 

Тройн унциар өөр юуг хэмждэг вэ?

 

Төв банкнуудын гаргадаг үнэт металлаар хийсэн зоосны жин тройн унцийн долиор хэмжигддэг байна. Жишээлвэл, дэлхийн үнэт металлын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн албан ёсны хэрэгсэл болох Америкийн бүргэдийг (American Eagle) АНУ-д 1986 оноос цутгаж байгаа юм. Зоос нь 10/1, 4/1, 2/1 боолон 1 унцийн гэсэн дөрвөн нэрлэсэн үнэтэй байдаг аж.


Жигнэж борлуулдаг алтан зоосны тухай хуулийг үндэслэн зохих жингийн алтны агууламжийг Америкийн засгийн газар баталгаажуулжээ. Тухайлбал 1 унцийн, өөрөөр хэлвэл 31,104 грамм жинтэй алтан зоос нийтдээ 33,931 граммд хүрдэг байна. Энэ зоос 31,70 миллиметрийн диаметртэй, 2,876 миллиметрийн зузаан байдаг. Харин орчин үеийн олонхи зоосыг янз бүрийн хайлшаар хийдэг бөгөөд тодорхой хэмжээний үнэт металлыг агуулдаг байна.

 

Өнөөдөр тройн унцийн өртөгийг хаана тодорхойлж байна вэ?

 

Нэг унци тройн алтны үнийг дэлхийн худалдааны хамгийн эртний төвүүдийн нэг- Лондонгийн металлын бирж тодорхойлдог байна. Өртөг тогтоох буюу Лондонгийн бүхний мэдэх фиксингийг өдөрт хоёр удаа – Лондон хотын цагаар 10:30 болон үдийн хойно 15:00 цагт тогтоодог юм. 11:40-өөс 14:454 хүртэл, 14:55 цагаас 17.00 цаг хүртэл явуулдаг хоёр арилжааны дүнг үндэслэн Лондоны бирж алтны үнийг тодорхойлдог байна.

 

Лондонгийн биржийн алтны үнэ дэлхийн биржүүдэд үнэт металлын үнэ тогтооход тодорхойлогч үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийн байдлын үзүүлэлт болдог юм. Эдгээр үзүүлэлтийг үндэслэн шинжээчид дэлхийн зах зээл дэхь янз бүрийн ашигт малтмалын өртөг болон валютын ханшийн талаар таамаглал дэвшүүлдэг байна.

 

Сүүлийн үед алтны үнэ өсч байгаа билээ. 2020 оны гуравдугаар сараас алтны үнэ 21 гаруй хувиар өсчээ. Цар тахал гарч, доллар суларч байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид мөнгөө үнэт металл болгож байгаа юм. Учир нь алтыг хамгийн аюулгүй хадгаламж гэж үздэг ажээ. 

 



Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ