Коронавирусээр нас барах эрсдэлийг ихэсгэдэг өвчнийг нэрлэжээ
COVID-19-өөр нас барах эрсдэлийг ихэсгэдэг өвчнийг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. Энэ нь чихрийн шижин өвчин болохыг MedicalXpress сайтад бичсэн байна.
Мэргэжилтнүүд судалгаа хийхэд чихрийн шижин өвчтэй нөхцөлд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлага зургаан дахин их байдгийг илрүүлжээ. Учир нь ийм хүмүүст COVID-19 хүнд явцтай байдаг бөгөөд чихрийн шижингүй хүмүүстэй харьцуулахад коронавирусээр нас барах эрсдэл 12 дахин илүү байдаг аж.
Чихрийн шижин нь COVID-19-ийг хүнд явцтай болгодог хүчин зүйлсийн дотор хоёрт орж байгааг эмч нар онцлон анхааруулжээ. Эхний байранд зүрх-судасны өвчнүүд орж байна.
Чихрийн шижин өвчний үед бие махбодийн дархлааны хамгаалалт мууддаг талаар Калифорнийн их сургуулийн профессор Пракаш Дидванья сануулжээ. Цусан дахь сахарын хэмжээг тогтмол үзэж, эмч нартай холбоотой байхыг уриалсан байна. Үүнээс гадна, чихрийн шижин өвчтэй хүмүүс амьдралын илүү идэвхитэй хэв маягийг баримтлаж, нойр сайн авч байх хэрэгтэй ажээ.
Ходоодны шархлаа, үрэвсэл болон цээж хорсолтын эсрэг түгээмэл бэлдмэлүүд буюу ингибиторууд коронавирусийн хүнд явцад нөлөөлж болдог нь бас тодорхой болсон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ