Эрдэмтэд: Коронавирус найман метрийн хүрээнд халдварладаг
Германы эрдэмтэд Хойд Рейн-Вестфали мужийн мах комбинатад коронавирус дэгдсэн шалтгааныг судлаад, тус үйлдвэрт коронавирус найм гаруй метрийн хүрээнд халдварлажээ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Гельмгольцын нэрэмжит халдварт өвчин судлах төвийн сайтад гарсан мэдээнд ингэж өгүүлжээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 1.5 мянга гаруй ажилтан халдвар авсан Гютерсло тойргийн мах боловсруулах “Tönnies” концернийн үйлдвэрт коронавирус дэгдсэнийг хэлж байгаа юм.
Хойд Рейн-Вестфали мужийн эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, мах комбинатад COVID-19-ийн халдвар авсан нийт 2000 гаруй тохиолдол илэрсэн байна. Хэвлэлд зориулсан мэдээнд тэмдэглэснээр, эрдэмтэд уг үйлдвэрт коронавирус тархсантай холбоотой тавдугаар сарын хэрэг явдлыг загварчлан үзүүлээд, коронавирус нэг хүнээс өөр хэд хэдэн хүнд найм гаруй метрийн хүрээнд халдварласныг тогтоожээ.
COVID-19 агаарын сэлгэлттэй хөргөлтийн өрөөнд гол нь тархсан байна. “Хэд хэдэн хүчин зүйлийн нийлбэр нь харьцангуй хол зайнд коронавирусийг дамжих боломжтой болгодог ажлын орон зайд SARS-CoV-2 халдварласныг бидний судалгаа харуулж байна. Ийнхүү амьдралын бусад хүрээнд их зайд тархах боломжийг коронавируст олгож байгаа тухай чухал асуудал гарч ирж байна” гэж Брауншвейгийн технологийн их сургуулийн профессор, судалгааны HZI группийн удирдагч Мелоани Бринкманн хэлжээ.
Судалгааны хамтрагч, Генрих Петтегийн нэрэмжит туршилтын вирус судлалын хүрээлэнгийн судалгааны багийн удирдагч, профессор Адам Грундхоффын хэлснээр, бага температуртай, цэвэр агаар муу зэрэг үйлдвэрийн газруудын хүчин зүйлс коронавирусийг их зайд тархах шалтгаан болсныг судалгааны дүн харуулсан байна.
Мөн тэрээр “Эдгээр хүчин зүйл нь дэлхий нийтэд мах юмуу загас боловсруулах үйлдвэрт вирусийн дэгдэлт гарахад голлох үүрэгтэй байж магадгүй юм. Ийм нөхцөлд халдвар дамжихаас сэргийлэхийн тулд 1,5-аас 3 хүртэлх метрийн зай барих нь хангалтгүй бололтой” гэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ