Өнөөдөр үндэсний "Хот-Дог"-ийн өдөр
АНУ-д жил бүрийн долоодугаар сарын гурав дахь лхагва гарагт үндэсний уламжлалт нэгэн зоогт зориулсан баяр буюу Хот-догийн өдөр (National Hot Dog Day)-ийг тэмдэглэдэг байна.
Нью Йоркт суурьшсан Герман цагаач эр Charles Feltman хот-догийг анх 150 орчим жилийн өмнө бүтээжээ. Анхны хот-догийг 1867 онд Coney Island-д худалдаалдаг байв. Хүмүүс явангаа идэж болох хамгийн шилдэг хоол болох хот-дог өдгөө дэлхий даяар тархсан байдаг. Завсараар нь зайдас хавчуулж кетчуп, гичээр амталсан талх дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны нэг юм.
Гэхдээ зайдас хавчуулсан талхыг яагаад “халуун нохой” хэмээн нэрлэсэн юм бол? Хүмүүс хоёр ч хувилбарын тухай ярьдаг юм. Эхнийх нь Франкфуртын нэгэн махны худалдаачин эрийн өгсөн нэр гэдэг бол хоёр дахь нь Йелийн их сургуулийн гадна зайдас зардаг худалдаачны бүхээгтэй тэрэгнээс гудамжны золбин ноход салдаггүйг анзаарсан оюутнууд “Нохойн тэрэг” хэмээн нэрлэх болсноос үүдэлтэй гэнэ.
Анх талхан дотор зайдас эсвэл ямар ч химийн бодис ашиглаагүй мах, хачиртайгаар худалдаалагддаг байжээ. Харин бид жирийн хот-догийг бага зэрэг сонгино, гичтэй идэхийг зөвлөе. Coney Island-д очвол хот-дог зардаг хэд хэдэн газар бий. Тэнд саяхан дахин нээгдсэн “Feltman’s” үнэндээ тохирсон хамгийн амттай хот-догт тооцогдсон хэвээр буй “Recession Special” хот-дог зардаг “Gray’s Papaya” зэрэг газрууд бий. Өдөр шөнийн алинд нь ч хот-дог байдаг учраас та Нью Йоркт хэр хугацаагаар байхаас хамаарахгүйгээр энэ хоолыг аяллынхаа цэсэнд оруулах боломжтой.
Америкт “Hot dog” болон зайдасны үндэсний зөвлөл гэж бий. Тус зөвлөлийн гишүүд дэлхийд алдартай “халуун нохой”-г амтлахад баримтлах дүрэм гаргажээ. Тэдний хэлж буйгаар, хот догийг заавал гараараа барьж идэх ёстой. Ямар нэг сэрээ хутга хэрэглэхгүй. Мөн гарт наалдсан амтлагчийг нь угааж биш, долоож цэвэрлэнэ. Түүнээс гадна хот-догийг идэхэд зузаан цаасан тавган дээр тавих болон элдэв ганган шаазан эдлэл хэрэглэх нь энэ амтат хоолонд огт зохихгүй гэжээ.
150 жилийн түүхтэй Хот-дог хамгийн эрэлттэй бараа болж хувирсан юм. Хот-дог анхны сонгодог хэлбэрээрээ ч, орчин үеийн одоогийн хэлбэрээрээ ч хvн бүхний өдөр тутам идэх дуртай хoолны нэг болжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ