Эрдэмтэд ХДХВ-ийг эмчлүүлсэн гурав дахь хүний талаар мэдээлэв
Бразилын нэгэн иргэн Хүний дархлал хомсдлын вирусийг (ХДХВ) эмчлүүлж эдгэрсэн дэлхийн гурав дахь хүн болсныг “Science” сэтгүүлд мэдээлжээ.
Түүнийг эрүүл болсныг эцэслэн нотлохын тулд бас хэд хэдэн шинжилгээ хийлгэх шаардлагатайг эрдэмтэд онцолсон байна. Эдгэрсэн 36 настай эрэгтэй хувийн мэдээллээ нууцлахын тулд өөрийгөө “Сан-Паулу хотын өвчтөн” хэмээн хэлж байхыг хүсчээ.
Тэрээр никотинамидтай хавсран антиретровирусийн бэлдмэлээр ээлжлэн эмчилгээ хийлгэсэн нь түүний бие дэхь вирусийг байхгүй болгох боломж олгосон байна. Өвчтөн өнгөрсөн оны гуравдугаар сард эмчилгээгээ зогсоож, үүнээс хойш түүний цуснаас ХДХВ илрээгүй ажээ.
Мөн түүнчлэн түүнд ХДХВ-ийн эсрэг биетүүд хамгийн доод хэмжээнд хүртэл буурсан байна. Энэ нь тунгалгийн зангилаа болон гэдсэнд халдвартай эсүүд цэвэрлэгдсэн байж болохыг сэтгүүлд тэмдэглэжээ. Гэхдээ эмч нар нарийн шинжилгээ хийх шаардлагатай ажээ.
Үүнээс өмнө ХДХВ нь эдгэрсэн хоёр өвчтөн байсан бөгөөд эмчилгээний үед тэдэнд чөмөг шилжүүлэн суулгасан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ