Цусны бүлэг болон өвчний хүндрэл хоорондоо холбоотойг нотолжээ
Цусны бүлэг нь коронавирусээс үүдэлтэй өвчин хэр хүнд явцтай байхад нөлөөлдөг байж болох юм. Хятадын эмнэлгийн байгууллагууд, АНУ-ын Колумбын их сургууль болон Ираны Мазандараны анагаахын их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ.
Судалгааны дүгнэлтээс үзвэл, халдвар авсан А (II) цусны бүлэгтэй хүмүүст өвчин хүнд явцтай байх эрсдэл ихтэй бол, O (I) бүлгийн цустай хүмүүст өвчин хүндрэх эрсдэл хамгийн бага байгаа ажээ. Бусад бүлгийн цус, өөрөөр хэлвэл В (III), AB (IV) бүлгийн цустай хүмүүсийн хувьд өвчин хүндрэх эрсдэл А бүлгийнхнийг бодвол бага, О бүлгийнхнээс их байдаг аж.
“Цусны бүлгийн нөлөө нь бидний авч үзсэн эрсдэлийн хүчин зүйлтэй (нас, хүйс, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, илүүдэл жин, зүрх судасны архаг өвчин болон уушгины өвчин зэрэг) холбоотой биш” гэж Колумбын их сургуулийн эрдэмтэд онцолжээ. Өөрөөр хэлвэл, архаг өвчнүүд коронавирусийн өвчний хүндрэлд чухам ямар нөлөө үзүүлдэг нь тодорхойгүй хэвээр байна.
Янз бүрийн цусны бүлэгтэй өвчтөнүүд өвчнийг өөр өөрөөр хүлээж авдаг шалтгааны тухайд бол судлаачдад энэ талаар одоогоор ямар нэг тайлбар байхгүй байгаа ажээ. Энэхүү дүн нь урьдчилсан шинжтэй бөгөөд цаашид судлаж, нотлох шаардлагатайг эрдэмтэд бас онцлон тэмдэглэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ