"Панамын суваг"-ийг 100 жилийн өмнөх энэ өдөр нээж байжээ
Одоогоос яг зуун жилийн өмнө буюу 1920 оны зургаадугаар сарын 12-нд Панамын сувгийг албан ёсоор нээж байжээ. Заримдаа түүнийг ертөнцийн найм дахь гайхамшиг ч гэдэг. Энэхүү инженерийн төсөл хүн төрөлхтний түүхэнд хамгийн нарийн бөгөөд төвөгтэй төслийн нэг болж, бөмбөрцгийн баруун хэсэг төдийгүй, дэлхий нийтийн хөлөг онгоцны тээвэр болон эдийн засгийг хөгжилд нэн чухаал нөлөө үзүүлсэн юм.
Францын Фердинанд Лессепс гэдэг хүн 1879 онд Панамын хүзүүвчээр хөлөг онгоц зорчих суваг татах анхны оролдлого хийжээ. Гэвч төсөл бүтэлгүйтэж зохион байгуулалт ч сайнгүй байсан бөгөөд ажлын өртгийг дутуу тооцоолсон байна. 1888 он гэхэд барилгын ажилд анх төлөвлөж байнаас бараг хоёр дахин их хөрөнгө зарцуулж, төлөвлөсөн ажлын ердөө гуравны нэгийг хийж гүйцэтгэжээ.
Үүнээс гадна барилгачид хумхаа зэрэг элдэв халдварт өвчинд олноороо өртсөн бөгөөд халварт өвчнөөр 20 мянга орчим хүн нас барсан байна. Тэр үеийн сонинуудад бичиж байснаар, Францаас ажиллах хүч болон бэлэн авс зөөдөг байжээ.
Ийнхүү суваг барих ажлыг зогсоож, төслийн эргэн тойронд Панамын дуулиант хэрэг гэгч манджээ. Фердинанд Лессепсийг луйвар заль гаргасан хэмээн буруутгаж, хэргийг шүүхэд шилжүүлж, албан тушаалтнуудыг хахуулдаж, авлига өгч авч байсан баримтууд энэ үеэр илэрсэн байна. Ингээд компани дампуурч, Лессепс ч удалгүй нас баржээ.
1904 онд АНУ төслийн ажлыг авсан бөгөөд бүс нутагт нөлөөгөө хүчтэй болгох шаардлага ч тус улсад гарсан байна. Америкчууд Панамын хүзүүвчид том экспедиц урьдчилан ирүүлж, энэ ангийнхан өвчин тээгч шумуул устгах ажил хийжээ. Гэвч сүүлд нь 5,6 мянган барилгачин (70 мянган хүнээс) халуун орны элдэв халдварт өвчнөөр нас барсан байна.
Ингээд барилгын ажил бараг 10 жил үргэлжилж, 400 сая ам.доллар зарцуулжээ. 1913 оны аравдугаар сард барилгын ажлыг дуусгаж, 81.6 километр хиймэл суваг Номхон далайг Атлантын далайтай холбосон байна. Гэвч сувгийн албан ёсны нээлт 7 жилийн дараа буюу 1920 оны зургаадугаар сарын 12-нд болжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ