Коронавирусийн эсрэг хүчтэй дархлаатай хүмүүс

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн заримд нь тусгай эсрэг биет үүсч, улмаар бусад хүнд туслаж чадах нь тодорхой болсон билээ. Ийнхүү хүндээр өвчилсөн хүмүүс уг өвчинд хамгийн бага өртөж болдогийг хэвлэлд бичсэн байна.


АНУ-ын системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова РИА Новости агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр COVID-19-өөр өвчилж, эдгэрсэн бүх хүнд вирусийн дархлаа тогтдоггүй тухай ярьсан байна. Энэ нь тэдэнд вирусийг эсэргүүцэж чадах эсрэг биет тогтоогүй, харин тэд интерфероны тусламжтайгаар вирусийг давж гарч чадсан гэсэн үг юм. Ийм тохиолдолд хүн вируст тэсвэргүй байх бөгөөд дахин халдвар авч болох ажээ. Гэтэл хүчтэй эсрэг биеттэй болж, коронавируст тэсвэртэй бусад хүмүүс эдгэрсэн нь ч бий. Гэхдээ ийм хүн маш цөөн бөгөөд эдгэрсэн нийт хүнээс ердөө 7-8% нь байдаг аж. 

Профессор ийм өвчтөнүүдийг “супер-хүмүүс” гэж нэрлэсэн төдийгүй бусад халдвар авсан хүнийг эмчлэхэд эсрэг биетийг нь хэрэглэж байна гэжээ. 

Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн ихэнхид маш сул дархлаа тогтдог бөгөөд нэг сарын хугацаанд бие дэхь эсрэг биетүүд хамгийн доод хэмжээнд хүртэл цөөрдөг байна. Хүнд хэлбэрээр өвчилсөн настай хүмүүс уг өвчинд маш тэсвэр муутай байдаг аж. 

ДЭМБ одоогоор зарим эмийг туршиж байгаа ч ямар эм гэдгийг хараахан хэлээгүй байна. ДЭМБ-аас хамгийн үр дүнтэй 4-5 эмэнд анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. Одоо хэрэглэж буй нэг ч эм бэлдмэл вирусийг бүрэн зогсоож чадахгүй байгаа бөгөөд өвчний хүндрэл, түүний үр дагаврыг л хязгаарлаж байгаа ажээ.

Эрдэмтэд Covid-19-ийн эсрэг вакцин гаргаж авахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч хэзээ бий болох, ямар баталгаатай байх нь хараахан тодорхойгүй байна.


Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ